Ж.Эрдэнэбатын Засгийн газар хамгийн ядуу
нь. Тэдэнд ердөө л 40-50 тэрбум төгрөг буюу 20 сая ам.доллар л байна. Үүнийг би
биш Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хурлын индэр дээрээс хэлсэн юм
шүү. Үүгээр тэд төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж, төсөл хөтөлбөрүүдээ
явуулж, бас болоод зарим нэг сүртэй бондуудын өрийн дарахаар ажиллаж байна.
Одоогоор нэг ч төгрөгийн зээл аваагүй гэж
тэд ам бардам хэлж байгаа. Байгуулагдаад хоёр сар ч болоогүй Засгийн газар зээл
авах шалтгаан үгүй биз. Харин энэ хугацаанд төрийн санд яг хэдэн төгрөг байгааг
нарийвчлан тоолж дууссан нь энэ аж. Бараг л нэг баяных нь дансанд хэвтэх
мөнгөөр бүхэл бүтэн улсыг авч явна гэдэг бүтэшгүй алхам л даа. Тиймээс дахин өр
тавих, гаднаас зээл тусламж авахаас аргагүй байдал манай Засгийн газарт тулгараад
байна.
Зээл авахын тулд өөрийн тааз гэгчийг
нэмэхгүй бол өмнөх Засгийн газар нь тултал нь өр тавьчихсан байдаг. Өөрөөр
хэлбэл Дотоодын нийт бүтээгдэхүүний 81.3 хувьтай тэнцэх хэмжээний өр зээл
тавьчихсан. Тиймээс Ж.Эрдэнэбатад өрийн таазыг нэмэх ганц л зам бий. Төсвийн
тодотголд ч үүнийгээ дурдаж, ДНБ-ий 88 хувьд хүргэхээр тооцсон байна.
Төрийн сангийн үлдэгдэл хасах дүнтэй гарч
байгаа энэ үед өр тавихаас аргагүй гэдэг нь ойлгомжтой. Харин хэрхэн яаж төлөх
вэ гэдэг л асуудал. Бид чинь улсынхаа төсвийг дөрвөн жилээр нь урьдчилаад
зээлчихсэн хүмүүс. Тэгэхээр дахиад ирээдүйгээсээ л зээл авч таарах гээд байна.
Уг нь гацчихаад байгаа төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөвөл төрийн сан хөрөнгөжих
боломжтой гэдгийг эдийн засагчид тайлбарлаад л байгаа. Гэвч одоогоор манай
Засгийн газарт төсөл хөтөлбөр хөдөлгөх ч хүч алга гэдгийг бас ойлгох хэрэгтэй
болов уу.
Үндэстэн агентлаг