-Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайхан байлаа. Ургац арвин байгаа байх. Намрын ургац хураалтын явц ямар түвшинд байна вэ?
-Энэ жил улсын хэмжээнд 482 мянган тонн будаа хурааж авна. Гурил үйлдвэрлэгчдэд 375 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ сарын 20-ны байдлаар 84.6 мянган га талбайгаас 122 мянган тонн үр тариа, 6.6 мянган га-гаас 69 мянган тонн төмс, 3.4 мянган га талбайгаас 40.4 мянган тонн хүнсний ногоо, 4.8 мянган га-гаас 13.2 мянган тонн тэжээлийн ургамал, 3.9 мянган га-гаас 2.6 мянган тонн тосны ургамал тус, тус хурааж аваад байна. Ургац хураалтад мянга гаруй комбайн ажиллаж байгаа. Цаг агаар тааламжтай байвал ирэх сарын 15-20-ны өдрүүдэд ургац хураалтаа бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг газар тариалангийн гол бүс нутгийнхан нэг га талбайгаас 12-19 центнер ургац хурааж байна. Хэнтий, Дорнодод гандуухан зун болсон учраас га-гаас 8-10 центнер орчим ургац авч байгаа. Өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд хүнсний улаан буудайг ямар үнээр худалдан авч байгаа талаар харилцан ярилцаж байна. Яамны зүгээс тариалангийн бүс нутагт нэлээн ажиллаж тариаланчидтай уулзлаа. Мөн гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчдийн холбоо, газар тариалангийн холбооныхонтой уулзахад тэдний зүгээс яаманд дөрвөн төрлийн санал тавьсан.
-Юу гэж байх юм?
-Нэгдүгээрт, Тариалан эрхлэлтийг тогтворжуулах чиглэлээр Хөгжлийн банкны санхүүжилтээр олгох 16 тэрбум төгрөгийн асуудал байсан. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж байгаад тариаланчдад зээл хэлбэрээр олгуулахаар болсон. Хоёр дахь асуудал нь газар тариалангийн ид улирлын үед намрын хадлан тэжээл, ургац хураалтын ажилд зориулан шатахуун зээлээр өгөхийг хүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэж 50 хувийн урьдчилгаатай шатахуун зээлээр олголоо. Гуравдугаарт, Сэлэнгийн бүс нутагт 100 км зам засаж өгөхийг хүссэн. Үүнийг Зам, тээврийн яамтай хамтран шийдсэн. Мөн энэ жил тариаланчид арвин ургац авна. Будааг нь гайгүй боломжийн үнээр борлуулж өгөөч гэж хүссэн. Энэ дагуу Засгийн газрын тогтоол гарч арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэр олж тариаланчдын будааг худалдаж авах үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд арилжааны банкуудтай ямар боломж байгаа талаар ярилцаж байна.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн улаан буудайг ямар үнээр худалдаж авч байгаа юм бэ?
-560 мянган төгрөгөөр худалдан авч байна. Цавуулгаас шалтгаалаад хамгийн хямддаа 500 мянгаар авч байгаа. Хамгийн доод талын үнийг 520 мянгаар тогтоосон боловч цавуулаг нь шаардлагад хүрэхгүй байгаа болохоор үнээ багасгасан.
-Засгийн газар мөнгөгүй учраас улаан буудайгаа худалдаж авахгүй байна гэх юм?
-Будаа худалдаж авах мөнгө үнэндээ алга. Ямар сайндаа арилжааны банкуудад хандаж байна. Одоогийн байдлаар шийдэгдсэн мөнгө алга. Улс будаа худалдаж авахгүй шүү дээ. Гурилын үйлдвэрүүд худалдаж аваад гурил хийдэг процесстой. Стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрийн зүгээс зохицуулалт хийх гэж оролдож байна.
-Арилжааны банкууд ямар нөхцөл тавьж байгаа вэ?
-Арилжааны банкны төлөөлөлтэй уулзаж байна. Хөрөнгийн эх үүсвэр тааруу байна гэх банкууд бий. Өнөө, маргааш дахин хэд хэдэн банктай уулзахаар төлөвлөж байгаа. Эх үүсвэрийг шийдчих байх гэж бодож байна.
-Энэ жил ургац дотоодын хэрэгцээнээс илүү гарах болов уу?
-Энэ жил үндсэндээ 100 гаруй мянган тонн будаа илүү гарах урьдчилсан таамагтай байгаа.
-Илүүг нь яах вэ?
-Ургац хураалт дуусаг. Дүн мэдээгээр дотоодын хэрэгцээнээс хэр зэрэг будаа илүү гарах вэ гэдгийг харъя. Төлөвлөж буйгаар будаа илүү гарах л байх. Ерөнхийдөө экспортод гаргая гэх төлөвлөгөө бий.
-Энэ тал дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Мэдээж хэрэг хойд хөрш манайхаас будаа авахгүй байх. Тэгэхээр урд хөрш рүү худалдах уу?
-БНХАУ руу экспортолъё гэж яригдаж байна. Манай яамны харьяа газрууд энэ талаар судалгаа хийгээд эхэлчихсэн. Мөн гурил үйлдвэрлэгчдээ сонсъё. Ер нь бол улс тодорхой хэмжээгээр будаагаа нөөцлөөд авчихсан байхад буруудахгүй гэж бодож байгаа.
-Хадгалах сав хэр хүртээмжтэй байдаг юм бэ?
-ТЭДС 120 мянган тонн орчим будаа хадгалах савны нөөцтэй. Энэ савныхаа хэмжээгээр будаа авна. Тариаланчид маань санд тодорхой хэмжээний өглөгтэй байдаг. Ингээд тооцоод үзэхээр 60 мянга орчим тонн будаа худалдаж авах санаатай ажиллаж байна.
-Өнгөрсөн жил тариаланчдын хувьд хүнд байлаа. Энэ жил харин арвин ургац хураатал худалдаж авах мөнгөтэй газар алга. Яамны зүгээс энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулъя гэж бодож байна вэ?
-Юутай ч арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдүүлье гээд ажиллаж байна. Ингэснээр гурилын үйлдвэрүүд будаа худалдаж авах боломжтой болох юм. Тариаланчдынхаа будааг борлуулах, гурилын үйлдвэрүүдийг ажилтай болгох зорилгын дагуу л ажиллаж байгаа. Тариаланчид будаагаа аль болох үнэтэй зарах гэдэг, гэтэл гурилын үйлдвэрүүд аль болох хямд авах гээд үзчихдэг. Энэ хоёрын дунд яам зохицуулалт хийж байна. Өнөөдөр тариаланчдаас ирж буй мэдээллээр гурилын үйлдвэрүүд 380-460 мянган төгрөгөөр тонн будаа худалдаж авч байгаа юм билээ.
-Ургац хураалтыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ үеэр тариалангийн гол бүс нутгийн цаг агаар ямархуу байх юм бол. Нойтон цас орж хүйтэрнэ гэх мэдээ бий?
-Цаг агаарын урьдчилсан төлөв гарчихсан байгаа. Энэ сарын 23-26-нд нойтон цас орж агаарын хэм өмнөх өдрүүдээс 8-13 хэмээр буурна. Шөнөдөө 0-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна гэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн. Тариаланчид маань цаг агаарын таатай үед бүх л боломж бололцоогоо ашиглан ургацаа хурааж байгаа. Хадланчид мөн талбайд ажиллаж байна. Хадлан, тэжээл нэлээн сайн бэлтгэгдэж байна.
-Өнгөрсөн жил Төв аймгийн зарим сумынхан төмс тэргүүтэй зарим хүнсний ногоогоо хойд хил давуулан зарж байсан. Энэ жил ургац сайн байгаа болохоор нэгдсэн журмаар экспортод гаргах ажлыг зохион байгуулж болох уу?
-Төмсний тухайд энэ жилийнхээ дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаад цаана нь 50 гаруй хувь нь илүү гарч байна. Хадгалах тухай асуудал ярьж байгаа. Хүнсний ногооны хувьд дотоодынхоо нийт хэрэгцээний 80 хувийг хангах төлөвлөгөөтэй явж байна. Ерөнхийдөө тариаланчид маань сайн ажиллаж арвин ургац хурааж байна. Яамны зүгээс хүнсний ногоо тариаланчдыг дэмжиж \”Намрын ногоон өдрүүд-2016” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ жил \”Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор үргэлжиллээ. Нийслэл болон 17 аймгийн 100 гаруй ажу ахуйн нэгж байгууллага, 306 орчим ногоочин өөрсдийн брэнд болсон 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Монголчууд хүнсний ногоо, жимс жимсгэнээ үнэхээр сайн тариалдаг болсон. Яамнаас хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөр үр өгөөжөө өгч буй нь харагдаж байна. Мөн ямар ч химийн бордоогүй эрүүл, цэвэр хөрсөнд тарьсан органик хүнс, жимс ногоог зах зээлд нийлүүлж байна. Ер нь цаашдаа энэ чиглэлээр нэлээн ажиллана гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай санамж бичигт гарын үсэг зураад хотын 434 цэгт хүнсний ногоо борлуулж байна. Ингэж нийслэлийн иргэдийг өөрт ойр худалдааны цэгээс шинэ ногоо худалдаж авах боломжоор хангаж байгаа юм. \”Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэнгийн хамгийн гол зорилго нь дундын зуучлалгүй борлуулалт байлаа.
-Уг үзэсгэлэнд оролцогчдод зориулан бартерын худалдаа явуулах боломж нээж өгсөн нь их шинэлэг санагдаж байсан?
-Малчид, ногоочдын хэрэгцээнд зориулан бартерын худалдаа анх удаа зохион байгуулсан. Жишээлбэл, мал махаараа гэр, малын саравч худалдаж авах боломж олгосон. Хүнсний ногоогоороо ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн сольж авлаа. Үзэсгэлэнд оролцож буй хүмүүс зарах гэж буй хүнсний бүтээгдэхүүнээрээ өөрт хэрэгтэй бараагаа аваад буцах жишээтэй. Мөнгө байхгүй үед иймэрхүү худалдаа зохион байгуулбал хэн хэндээ хэрэгтэй байгаа юм.
-Өвлийн идшээр бартер хийж байгаа хүн ч харагдана лээ?
-Яамны зүгээс \”Малчны лавлах 109” гэж тусгай дугаарын утас ажиллуулдаг. Тэр утас руу малчид, тариаланчид маань утасдаад юу хэрэгтэй байгаа, юугаар солихоо хэлээд л болно. Бид холбож өгч байгаа юм. \”Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэнгийн үеэр \”Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулж байгаа. Надад ийм зүйл байна, өвлийн идшээр сольё гээд хоорондоо тохирчихно. Эдийн засаг хүнд, гар дээр мөнгө муутай байгаа ийм үед малчид, тариаланчдынхаа эрэлт, хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Ажил дөнгөж эхэлж байгаа ч гэлээ иргэд сэтгэл хангалуун байгаа.
-Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байгаа вэ?
-Хэдхэн хоногийн өмнө отрын бүс нутгаар яваад ирлээ. Малчдын өвөлжилт, хаваржилтыг өнөтэй байлгах зорилгоор тодорхой бүс нутгийг хамгаалалтад авсан байдаг. Тухайн талбайгаа дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл чөлөөлж бэлчээрийн даац сайжруулдаг. Улсын хэмжээнд арван нэгэн отрын бүс нутаг бий. Тэр газруудаар яваад ирэхэд хаягдсан, сахилга бат суларсан тал нэлээн ажиглагдсан. Энэ тал дээр отрын бүс нутгийн захиргааныхантай хамтарч ажиллана. Ерөнхийдөө отрын бүс нутгийн бэлчээрийн даац нутаг нутгаасаа хамаарч харилцан адилгүй байгаа. Мөн отрын бүс нутгийн даац жил бүр хэтэрдэг. Тухайлбал, энэ жил Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт гэхэд 194 мянган толгой мал өвөлжих боломжтой гэж бэлчээрийн даацыг тодорхойлсон. Гэтэл одоогоор 550 мянга орчим мал өвөлжүүлье гэх захиалга ирчихсэн байна. Тэр хавийн даац нэг их сайнгүй байгаа. Тэнд гаднаас ирж суурьшсан айлууд дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд нутгаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод бэлчээрийн даац муудаж байна. Шаардлага тавиад ч үгэнд орохгүй байна гэдэг. Мөн Малхын талд 25 мянган мал өвөлжих бэлчээрийн даацтай гэж үзэж байгаа. Гэтэл одоогоор 79 мянган мал өвөлжүүлье гэсэн хүсэлт ирчихээд байна.
-Ерөнхийдөө отрын бүс нутагт өвөлжих малын тоо толгой даацаасаа хэд дахин хэтэрчихээд байгаа нь юутай холбоотой вэ?
-Малын тоо толгой их өссөн. Тэр хэрээрээ бэлчээрийн даац нэлээн муудсан төлөв байдал ажиглагдаж байна. Бидний хувьд засаг төрөөс бодлогоор хамгаалалтад авсан отрын бүс нутгийн хамгаалалтыг улам сайжруулах, бэлчээрийн менежмэнтийг сайжруулах чиглэлээр ажиллана. Мөн малчид хариуцлагатайгаар отрын бүс нутгаа хуульд заасан хугацаанд чөлөөлдөг байх хэрэгтэй.
-Бичин жилийн зуд болно гэж малчид ярьж байна. Тиймээс мал их нядалж байгаа сурагтай. Махны үнэ ч хямд байгаа?
-Бичин жилийн өвөл хаяанд ирчихлээ. Малын тоо толгой ч их өссөн. 54.9 сая малаас 19 сая төл хүлээж авсан. Энэ өвөл 10-15 сая мал идшэнд бэлтгэнэ гэж тооцоолж байна. Махны борлуулалтын тухайд хүндрэлтэй талууд бий. Дундын буюу ченжийн гар дамжуулалгүйгээр зарахыг бодож байгаа.
-Намрын ногоон өдрүүдтэй адил идэшний цагаар ченжийн гар дамжаагүй үзэсгэлэн худалдаа зохион байгуулж болох уу?
-Намрын ногоон өдрүүдийн үеэр мах, идэшний бартерын худалдаа зохион байгуулсан. Цаашид үргэлжлүүлэх байх. Манай улсад малын халдварт өвчин гараад байдаг. Үүн дээр яамны мал эмнэлэг, үйлчилгээний газар идэвхтэй ажиллаж байгаа. Цэцэг, шүлхийн өвчлөл харьцангуй гайгүй болж байна. Ховд аймагт бог малын мялзан гэж өвчин гарсан. Үүнийг хамгаалалтад авч вакцин тарих ёстой гэж үзээд манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Засгийн газрын зүгээс анхаарал хандуулан ажиллаж, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг олгож байгаа. Хамгийн гол нь бүс нутгаа хамгаалалтад авч хорио цээр, дэглэм тогтоогоод гаднаас нь хумих байдлаар тэмцэхээр болсон. Одоо вакцин ирэхийг хүлээж байна. Ер нь богино хугацаанд малын халдварт өвчнийг дарах хамгийн чухал.
-Мах экспортлох асуудал юу болж байгаа вэ?
-Энэ чиглэлээр бид маш шаргуу ажиллаж байгаа. Хоёр хөршийнхөө албаны хүмүүстэй уулзалт, хэлэлцээр хийж байна. Яг өнөөдрийн байдлаар гэхэд ОХУ-ын мал эмнэлгийн газраас экспертүүд ирчихсэн махны үйлдвэрүүдэд аттестатчилал хийж байгаа. Аттестатчиллын үндсэн дээр махаа экспортод гаргана. Хятадын талтай мөн холбогдож байна. Хорио цээрийн газрын орлогч дарга, яамны холбогдох албан тушаалтнууд ирээд явлаа. Бүх төрлийн хэлэлцээ хийж байна. Ирэх сарын эхээр мөн Хятадын хөдөө аж ахуйн яамнаас баг бүрэлдэхүүн ирж манай улсад ажиллахаар болсон. Ер нь яамны гол зорилгын нэг нь мах экспортлох. Энэ чиглэлд идэвхтэй, сайн ажиллана. Бидэнд махаа гаргахад тулгамдаж буй гол зүйл нь малын гоц халдварт өвчин. Өвчин гараад байхаар л хөрш орнууд мах авахаас цааргалаад эхэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд малаа эрүүлжүүлэх асуудал дээр анхаарч байна.
-Мэдээж хэрэг боловсруулсан мах экспортлох байх. Гэхдээ төрөлжүүлэхгүй бол хэцүү гэж ярих юм?
-Нэмүү өртөг шингээгээд боловсруулж гаргана. Савлагаатай, ариун цэврийн шаардлага дээд зэргээр хангана. Худалдан авч буй улсууд стандарт, шаардлагаа гаргана. Харин яамны зүгээс малыг амьдаар нь гаргахын эсрэг байр суурьтай байна. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөр батлагдлаа. Манай яамны хувьд ажлын хэсэг гаргаж эрдэмтэн мэргэд, үе үеийн сайд, салбарын мэргэжилтэнтэй хамтарч нэлээн хэдэн төсөл хөтөлбөрийг боловсруулан тусгалаа. Үүний нэг нь \”Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг улс орны хэмжээнд өрнүүлье гэж ярьж байна. Бид хүнс, хоолоо эрүүл байлгасны дараа хөгжлийн тухай асуудал ярина. Үүний хүрээнд мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр баталъя гэж ярьж байгаа. Ерөөсөө мал, махаа эрүүл болгоё. Олон улсын чанар, стандартыг хангасан мах бэлтгэдэг болъё. Арьс, ширээ ч гэсэн үйлдвэрийн аргаар бэлтгэдэг болох хэрэгтэй. Гар аргаар бэлтгэсэн арьс, шир энд тэндээ зүсэгдсэн, дотор нь өлөнг нь боогоод хийчихээр наалданги үүссэн байдаг. Энэ мэтээр нийт бэлтгэсэн арьсны 30 хувь нь үйлдвэрлэлд гологдож байна. Дээрх бүхэн арьс ширний үнэ, малчдын орлогод нөлөөлөөд байдаг. 2013, 2014 онд арьс ширний бүтээгдэхүүнийг хагас боловсруулж гадаад худалдаанд оруулна гэсэн тогтоол байсан учраас түүхий арьс, шир худалдаж болохгүй байсан. Харин долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанд манай яамны зүгээс санал оруулж тогтоол гаргуулсны хүчинд арьс, ширийг түүхийгээр худалдаанд гаргахыг зөвшөөрлөө. Үр дүнд нь хонины нэхий 3000, 3500 төгрөг хүрч байна. Өмнө нь боодол бохины үнэд хүрэхгүй, ихэнх нь хаягдаж байсан шүү дээ. Хөдөө орон нутгаар явж байхад хонины нэхий жалгаар дүүрэн хаясан байсан. Иргэдтэй уулзахаар мал махны үнэ, арьс, ширний үнийг өсгөөд өгөөч гэж байлаа. Өмнө нь хонио нядаллаа гэхэд нэхийг нь сумын төв дээрээ аваачиж дөрөв, таван мянган төгрөгөөр зарж мотоцикльдоо шатахуун хийдэг байсан. Малчид, иргэд ингэж яриад маш олон санал ирүүлсэн юм. Яамны зүгээс судлаад арьс ширний холбооныхонтой уулзлаа. Энэ салбарыг төрөөс дэмжиж урамшуулал хүртэл өгдөг. Үйлдвэрүүдийг ч мөн дэмжиж байна. Ирэх оны наймдугаар сарын 1-нийг хүртэл түүхий арьс, ширийг худалдаанд оруулах боломж олгоё гэсэн Засгийн газрын тогтоол гарчихсан байна. Энэ нь цаашаа үргэлжлээд эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Мал, мах бэлтгэх үеэр 10 сая хонь нядаллаа гэхэд нэхийгээр дамжиж 40 тэрбум төгрөг малчдын гарт очно.
-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулна гэж байгаа. Намрын чуулганаар батлах уу?
-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулъя, нийгмийн даатгал төлдөг болъё гэж ярьж байгаа. Намын бүлэг, Засгийн газрын хэмжээнд нэлээн идэвхтэй яригдаж байна. Мөн малчны хүүхдийг зургаагаас найман насны хооронд сургуульд оруулдаг болъё. Тэгэхгүй бол зургаан настай хүүхдийг сургуульд явуулахын тулд ээж нь сумын төв дээр харах хэрэгтэй болдог. Аав нь хөдөө хэдэн малаа хараад үлдэнэ. Ингэж айл гэр хоёр салж амьдрах хэцүү. Тиймээс зургаагаас найман настай байхад нь хүүхдээ сургуульд оруулдаг байхаар зохицуулсан. Зургаан настай хүүхдийг сумын төв дээр дотуур байр юм уу, айлд суулгая гэхээр арай нялхдаад байдаг. Залуу малчдын хувьд хүндрэлтэй асуудал байлаа шүү дээ.
-Хүнс, хөдөө аж ахуй бол монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой салбар. Цаашид яамны зүгээс ямар шинэ бодлого баримталж ажиллах вэ?
-Яамны тухайд бүх газартаа ажлын хэсэг байгуулсан. Үр дүнтэй ямар ажил хийх ёстой вэ гэж судалгаа явуулж санал боловсруулаад дуусаж байна. Мал аж ахуй, бодлогын газарт мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын мал эмнэлгийн газрыг дахин сэргээн ажиллуулъя гэлцэж байна. Одоогийн байгаа бүтэц, бүрэлдэхүүний хэмжээнд ингэж ажиллах боломжтой. Мал эмнэлэг, үржлийн газар гэж 40, 50 хүний бүрэлдэхүүнтэй газар бий. Аймагт хөдөө аж ахуйн газар, суманд тасаг ажилладаг. Малын гоц халдварт өвчин гарлаа гэхэд улс өөрийн худалдаж авсан вакцинаа хувийн мал эмнэлгүүдэд өгч байна. Тэнд ажиллаж байгаа боловсон хүчний талаас илүү нь 50-иас дээш насныхан. Иймд яамны зүгээс хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тал дээр түлхүү анхааран ажиллана. Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг бүтцийн хувьд батлаад өгчихвөл ядаж л өндөр үнэтэй вакциныг цаг хугацаанд нь, технологийн дагуу хийнэ. Төр өөрийн хүч хөрөнгөө зарцуулж малаа эрүүлжүүлэх ёстой. Дээрээс нь малчид малаа эрүүл байлгах асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Аль аль талдаа хариуцлагын тухай асуудал ярьсан, хууль эрхзүйн үндэстэй бодлогын баримт бичиг боловсруулаад явж байна. Ер нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болжээ.
-Танай яаманд хөнгөн үйлдвэрийн салбар хамаардаг. Уг салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр түлхүү анхаарч байна. Ерөнхий сайд үүрэг өгсөн. Төрийн болон төрийн бус байгууллагууд дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэж байя гэсэн тогтоол гаргах гэж байгаа. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, дотоодын худалдан авалтаа идэвхжүүлье гэсэн уриалга гаргах юм. Төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хиймээр байна.
-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр эсгий шаахай, арьсан цүнхнээс өөр зүйл ховор. Хүнсний бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй. Ийм байхад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих таатай биш шүү дээ?
-Тийм тал бий. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй байгаад байдаг. Тиймээс эдийн засгийн ашиг, үр өгөөжөө бодоод гадны бүтээгдэхүүн хэрэглэдэг асуудал байдаг. Үүнд эх оронч байдлаар хандаж аль болох дотоодын бүтээгдэхүүнээ худалдаж аваач гэж байгаа юм. Ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж байя гэж байгаа юм.
-Үнэ хямдруулах арга байдаггүй юм уу. Хэрэв дотоодын үйлдвэрлэлээ дэмжүүлье гэж байгаа бол яамны зүгээс үнэд нөлөөлөх боломж бий юу?
-Зах зээлээ судлаад, зардлаа тооцоод, дээр нь бага зэрэг ашиг нэмж байгаа үнэд оролцох боломж байхгүй. 2015 онд 336 дугаар тогтоол гарч худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан 12 нэр төрлийн 101 бүтээгдэхүүний жагсаалт баталсан байдаг. Эдгээрийн нэр төрөл, тоог олон болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний тайланг нэгтгэж үзсэн. Уг тайланд төсвийн 30 байгууллага дотоодын бүтээгдэхүүнээс 60.6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн гэж гарсан байна лээ. Энэ жилийн тухайд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр олон ажил зохион байгуулах ёстой. Зарим дотоодын худалдан авалт, үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байна. Мэдээллийг үнэн зөв байлгахад анхаарна. Импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед дотоодын худалдан авалтаа сайжруулах шаардлага бидэнд бий.
-Үндэсний үйлдвэрлэлийг зөвхөн дотоод гэлтгүй хилийн гаднах бүс нутгийн иргэдээр дэмжүүлэх боломж байгаа мэт харагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хил орчмын худалдааг өргөн хэмжээнд байнга зохион байгуулъя гэж ярьж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэдээ хилийн худалдаа хийх боломжоор хангаж ам.доллар оруулж ирэхэд анхаарал хандуулж байна. Олон боомтод түшиглэж худалдаа хийхээр хоёр хөршийнхөө холбогдох албанд хандсан. Эхнээсээ ажил хэрэг болон хэрэгжиж байгаа. Баянхонгор аймгийнхан хилийн худалдааг эхлүүлэх гээд бэлтгэл ажилдаа орлоо. Харин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг газартай болох шаардлага байна. Хууль, эрхзүйн үндсийг боловсруулаад холбогдох дүрэм журамд нийцүүлэх хэрэгтэй. Тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал дээр л гэхэд аль болох үнэтэй зарахыг бодно. Нөгөөдүүл нь хямд авахыг бодно. Арьс шир, ноос ноолуур дээр ч ялгаагүй. Нэгэнт төрийн зохицуулалт үгүйлэгддэг учраас бодлогын хувьд оролцдог хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнэ зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр явж байдаг зүйлийг зохицуулахын тулд бодлого боловсруулах ёстой яам нь маш их хүч хөрөнгө, цаг зав зарцуулаад байна. Ийм газартай болчихвол олон асуудал маш амархан цэгцэрнэ.
-Та сайд болохынхоо өмнө УИХ-ын чуулган дээр хуурай сүү зэрэг дотоодод хангалттай үйлдвэрлэх бүтээгдэхүүний импортод анхаарал хандуулна гэж байсан. Одоо бид хүнсний ногоогоо эх орондоо хангалттай хэмжээнд тарьж байна. Урд хөршөөс орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж болох уу?
-Бид 1990-ээд оны үед дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ямар ч шаардлага, нөхцөл тавиагүй юм билээ. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмаар импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүнд хамгийн ихдээ 20 хувийн татвар тавих боломжтой. Ийм хэмжээнд татвар нэмээд нэмээд гаднаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн дотоодынхоос хямд байгаад байна. Энэ бүхэн дотоодын үйлдвэрлэл хөгжихөд саад болоод байдаг. Өөрчлөлт хийж болохгүй. Гэхдээ өөр ямар гарц байж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Тухайлбал, Францын Элчин сайдын яамтай ярилцаж байгаад газарзүйн баримжаатай бүтээгдэхүүн гэдэгт чацаргана бүртгүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Увсын чацарганыг газарзүйн баримжаатай бүтээгдэхүүн гээд бүртгүүлчихвэл Европын холбооны улсад экспортод гаргах боломжтой. Сүүний хувьд Засгийн газар богино хугацаанд сайн ажиллалаа. Манай улс боломжит сүүнийхээ 30 хувийг л ашигладаг. 70 хувь нь бэлчээртээ явж байдаг. Саахаа больсон. Тэгэхээр малчдаа орлоготой болгохын тулд төсөл санаачлаад явж байна. Саасан сүүгээ тусгай төхөөрөмж рүү хийгээд хуурай сүү болгодог Японы технологийг судлаад оруулж ирэхээр болж байна. Эхний ээлжинд 100 суманд жижиг оврын сүүний үйлдвэр байгуулж иргэдийн сүүг худалдаж авна. Түүнийгээ хуурай сүү болгож боловсруулаад дотоодын хэрэглээгээ хангах, улмаар экспортод гаргах боломжтой. Хуурай сүү экспортлох асуудлаар Хятадын холбогдох байгууллагатай санал солилцож хамтран ажиллаж байгаа. Ядаж импортын хуурай сүүний оронд дотооддоо үйлдвэрлэсэн сүүгээ аваг л дээ. Тэгэхгүй бол өнөөдрийн байдлаар гаднаас орж ирж буй сүүний хэрэглээ дотоодынхоос илүү байгаа. Дээрх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ хийгдээд явж байна.
-Эдийн засаг аль ч салбарт хүнд байна. Таны хариуцаж буй салбарт эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлж байна вэ?
-Улс орны төсөв, санхүүгийн байдал маш хүнд байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайд нар эдийн засгийн бодит байдлын талаарх мэдээллийг ард түмэнд өгсөн. Шинэ Засгийн газар байгуулагдаад улс орны эдийн засэг, санхүүгийн төлөвийн мэдээ сонсоход үнэхээр хүнд байгаа нь мэдэгдсэн. Маш их өр, зээлийн асуудал яригдаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь өрөнд явж байгаа. Мөнгөний чадавхи суларч, валютын ханш өслөө. Ийм үед үндэсний үйлдвэрлэгчид ажиллах, орлого олох боломж маш хүнд. Үндсэндээ бодлого алдагдсан, хяналт суларсан, хэт үрэлгэн байсан нь салбар салбарт ажиглагдаж байгаа. Гурилын үйлдвэрүүд дээр л гэхэд дотоодын нийт хэрэгцээнээс гурав, дөрөв дахин их хэмжээний хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн хөрөнгө, зээлээр авчихаж. Энэ бүхэн эргээд салбарын эдийн засагт бэрхшээл хүндрэл учруулна.
-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдах үед таныг салбараа сайн мэдэх хүн гэж тодорхойлж байсан. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласныг тань бас мэднэ. Тэрнээс өмнө ямар ажил хийж байв?
-Би УБИС, СЭЗДС-ийг тус, тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 1995 оноос хойш мэдээлэл технологийн чиглэлээр хувийн бизнес эрхэлж байлаа. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт багагүй хугацаанд ажилласан байна. Сэлэнгэ аймгийн Орхон суманд Шар хөтлийн бригад гэж газарт тариа будаа тарьж явлаа. Мал аж ахуйн салбарт гэвэл манайх малчин удамтай айл. Багаасаа морь малтай ноцолдож өссөн. ММСУХ-нд сүүлийн найман жил ажиллалаа. Яамны бүтцэд хөнгөн аж ахуйн салбар нэмэгдэж орж ирсэн шүү дээ. Миний хувьд хувиараа бизнес эрхэлж байсан учраас жаргал зовлонг нь мэднэ. Хоёрдугаарт, Италийн Турин хотод байдаг ЮНЕСКО-гийн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх сургуульд Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс удирдах нь чиглэлээр суралцаж байлаа. Италид байхдаа хагас, бүтэн сайн бүр тэндхийн жижиг, дунд үйлдвэрүүдтэй нэгдсэн журмаар танилцдаг байсан. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зөв тогтолцоо, бодлогоос суралцаж байсны хувьд Монгол Улсад өрсөлдөх чадвартай, зах зээлд тэсэж үлдэхээр, урт хугацаанд тогтвортой ажиллах үйлдвэр бий болгох зорилт тавиад бодлого боловсруулан ажиллаж байна.