\”Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр\”-ийг өчигдөр баталлаа. Энэ хөтөлбөрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх заалтыг Үндэсний хөтөлбөрт оруулах санал гаргасан ч дэмжигдээгүй юм.
Дээрх саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нар дэмжээгүй байна.
Харин Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Н.Учрал, Л.Энхболд нарын таван гишүүн авлигын хэргээр ял шийтгэгдсэн хүнийг төрийн өндөр албанд томилохыг эсэргүүцжээ.
Энэ санал гаргасан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас дараах тодруулгыг авсан юм.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд таны гаргасан санал ямар шалтгааны улмаас дэмжигдсэнгүй вэ?
-Авлигын хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүсийг төрийн өндөр албанд ажиллуулахгүй гэсэн санал гаргасан. Энэ санал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Энэ саналыг хуралдааны үеэр Байнгын хорооны дарга болон зарим гишүүн нэг хүнийг олон дахин шийтгэж болохгүй. Нэгэнт ял шийтгэлээ авчихсан байхад төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж байсан.
Уг нь энэ асуудлыг Авлигатай тэмцэх хөтөлбөрт тунхагийн зарчмаар заавал оруулах ёстой байсан юм. Шүүхийн эсвэл Эрүүгийн хуульд заасан зүйл нь бусад асуудал байх. Ер нь хөтөлбөр гэдэг бол шударга ёсыг тогтоож байгаа явдал. Бид ийм хөтөлбөртэй, ийм зорилттой, үүнийгээ биелүүлнэ гэж байгаа юм. Хууль бол биш. Тэгэхээр өмнө нь авлигын хэрэгт холбогдож байсан хүн төрийн өндөр албан тушаалд очих ёсгүй л байхгүй юу. Энэ чинь ёсзүйн асуудал.
-Гадаадын улс орнуудад ямар жишиг байдаг юм бол. Та энэ талаар судалж үзсэн үү?
-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ маш ойлгомжтой асуудал шүү дээ. Өмнө нь ямар нэг байдлаар авлигын хэрэгт холбоглож байсан бол өндөр дээр албанд бүү хэл төрийн албанд томилохгүй байх. Үүнийг л шударга зарчим гэж ойлгодог.