Агаар бохирдол их байх нь чухал. Яагаад
гэж үү? Яагаад гэвэл агаарын бохирдол их, утаа униартай байх тусмаа л мөнгө
олох боломж төдий чинээгээр нэмэгддэг байна. Гэхдээ иргэд бидэнд биш л дээ.
Төрд ажиллаж байгаа гэх тэдгээр хүмүүст л боломж нээлттэй.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд
айл бүрт \”утаагүй зуух” гэгчийг шахаад явсныг сайн санаж байна. Төрөөс тал
мөнгийг нь өгч, талыг нь зуух ашиглаж буй айлууд тодорхой графикийн дагуу төлөх
зарчимтайгаар. Эхний хэдэн айлд зуухыг хүргэж өгч, угсарч, ашиглах зааврыг нь
танилцуулж байв.
Гэтэл айлууд утаагүй зуухаар
хангагдсан ч агаарын бохирдол буурсангүй. Хэчнээн айл зуухтай болж, түүнд
төвсөөс хэчнээн төгрөг зарцуулсныг нарийвчилж судалсан, үр дүнг нэхсэн хяналт,
хариуцлагыг тогтолцоо гэж зүйл даанч алга. Одоо өнөөх ид шидтэй утаагүй зуух
маань нийслэлээс хальж, орон нутагт ашиглагдаад эхэлсэн. Тэгэхээр нийслэлийн
гал түлдэг айл бүр зуухтай болчихжээ гэж ойлгомоор. Гэвч хоолой хорсож, нүд
аргасаар.
Тэгвэл Нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах газраас энэ жил дулаан хуримтлуулах шинэ төхөөрөмж нэвтрүүлэхээр
болсон тухай сарын өмнө мэдээлж байв. Тухайн төхөөрөмж нь шөнө дөө дулаанаа
хуримтлуулж, өдөртөө гэрийг халаах зориулалттай аж. Мөн дээр нь хоол, цайгаа
буцалгаад байх боломжтой гээд давуу талуудыг дурдав. Төхөөрөмжний үндсэн үнэ 2.5 сая
төгрөг. Үүний талыг нь төрөөс/төрсөөд байх юу байх вэ төсвөөс буюу татвар
төлөгчид бидний халааснаас/, талыг нь иргэд сар бүр хувааж төлөхөөр тусгажээ.
Яг л утаагүй зуухын зарчимаар үйл ажиллагаа явагдаж байгаа биз.
Гэхдээ энэ төхөөрөмж нь гал
түлэхгүй, цахилгаан ашигладаг гэдгээрээ урдын үйл ажиллагаанаас ялгаатай.
Бусдаараа нэг их ялгагдсан зүйл ажиглагдсангүй.
За тэгээд эрүүл мэнд, тоос тортог,
утаа, агаарын бохирдол гээд бид яаж ч амьдарч чадаад байна вэ гэж толгой
сэгсэрмээр аймшигтай тоо баримтууд дурьдаж гарна. Тэгээд л өнөөх төхөөрөмжийг
худалдан авахгүй л бол маргааш, нөгөөдөргүй бурхны оронд заларчих гээд байгаа
юм шиг ойлголтыг өгч эхэлнэ дээ. Үүнийг л утааг ашиглаж, мөнгө угааж
буй технологи гэж тайлбарлаад байгаа юм.
Түүнээс олон тэрбумыг зарцуулчихаад
байхад өнөөдөр бага ч болов үр дүн үзүүлэх ёстой биз дээ. Яагаад үр дүнгүй
хэрнээ л дахин дахин төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа шалтгаан нь утааг
ашиглаж, халаасаа зузаатгах гэсэн санаа л юм.
Амар
Үндэстэн агентлаг