Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна. Тандалт, судалгааны албанаас хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг судалж үзжээ. Ингэхэд хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь, толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувь нь илэрсэн аж. Харин бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна гэлээ. Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа:
-АНУ-ын ихэнх мужид Омикроны BA.4, BA.5 хувилбар давамгайлсан хэвээр байна. Энэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж гэвэл аль болох зай барих, битүү орчин, олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүх юм. Бас гэр дотроо чийгтэй, хуурай цэвэрлэгээ тогтмол хийх, хатуу гадаргууг цэвэрлэх хэрэгтэй хэмээв.
ХӨСҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх:
-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 487 хүн эмчлүүлж байна. Эдгээрийн 328 нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс байна. Биеийн байдлын хувьд хүндэвтэр, уушгины хатгаатай 234, хүнд 46, маш хүнд зургаан хүн эмчлүүлж байгаа. ХӨСҮТ-ийн хувьд бүх тасаг, нэгжүүдэд коронавирусийн халдвартай хүмүүсийг авч, эмчилж байна гэв.