Утааны талаар хэлэх муу үг ч олдохгүй юм. Ёстой л байдалтайгаа эвлэрч байна
гэгчээр макс зүүхээс өөр сонголтгүй болсон байна. Төр засаг минь жил бүр тэрбум
тэрбумаар зарцуулж байгаа хойно нэг л өвөл бид утаанд хахаж, цацахгүйгээр аж
төрдөг болно оо гэж итгэж сууна.
Гэхдээ тэр болтол орчинтойгоо дасан зохицох л шаардлагатай. Иргэд бид маск
зүүгээд шаардлагагүй бол өглөө оройдоо гадуур гарахгүй бол агаарын бохирдлоос
өөрсдийгөө хамгаалах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Ойлгомжтой асуудал
хэдий ч албаны хүний тайлбар гэдэг утга учиртай биз. Тэд ийм тайлбар хийснийхээ
төлөө цалинждаг хойно маргаад яах билээ.
Тэгвэл өглөө орой гэлтгүй өдөр ч утаанаас өөрсдийгөө хамгаалах арга хэмжээг
авч чаддаг байхыг манай нөхцөл шаардсаар л байна. Хэрвээ та өдрийн цагаар
автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа бол ойрын гэрлээ асааж яваарай. Ингэснээр
таны бусдад харагдах байдал 30 хувиар нэмэгдэнэ. Ер нь бидний шүтдэг европын
оронд үргэлж ойрын гэрлээ асааж явахыг шаарддаг байна. Чийглэг уур амьсгалтай
тэдгээр улсууд агаарын өөрчлөлтөөс үүссэн манан зэргээс болж, замын хөдөлгөөнд
асуудал үүсгэхгүйн үүднээс ойрын гэрлийг асаахыг зөвлөдөг ажээ.
Манайд үүнийг хэрэгжүүлж, дадал зуршил болгочихвол сайнсан. Ойрын гэрэл
бусдад саад учруулахгүй, харин ч бусдад анхааруулга өгч, зай авч, баримжаалах
боломжтой болгоно. Гэтэл манайд гэрэл асаа гэхээр зөрж байгаа юм шиг холын гэрлээ
асааж явдаг дээрэнгүй жолооч нар элбэгшиж. Холын гэрлээс гадна манангийн шар
хүртэл асаах нь элбэг. Эдгээр гэрлийг ашиглах газар нь тусдаа. Үүнийг л жолооч
нар минь ухамсарлаж, өтгөн утаатай үед ойрын гэрлээ асааж бусдыгаа хүндэлж,
хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Үндэстэн агентлаг