Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ сэвлэгийг үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн.
Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед буюу “ЧУЛУУ” хэмээн үгийг бүтэн хэлж чаддаг болсон үед ивээл жил дээр авдаг.
Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь авдаг.
Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлэгддэгтэй холбоотой.
Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж, тэр тусмаа цагаалаг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч, ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна.
Сэвлэг үргээх ёс нь нарийн нандин ёслолд хамаарах тул найранд архи дарс ордоггүйн гол утга учир шалтгаан нь хүүхдэд байдаг дөрвөн бурханлаг шинж чанарыг хүндэтгэсэнтэй холбоотой.
Тэдгээр нь: 1. Бага насны хүүхдэд харамын сэтгэл байхгүй 2. Хураан хуримтлуулах сэтгэл үгүй 3. Бохир заваан гэсэн ойлголт байхгүй 4. Дээр доорын ялгаа гэж алагчлалгүй
Чухам үүгээрээ нялхсын сэвлэг найр бусад найр, наадмаас ялгаатай ариун ёслол юм. Тиймээс даахь үргээх найранд эхэлж айраг сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг ёстой.
Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.