Хотын дарга нарын \”ТҮЦ ачдаг” жишгийг С.Батболд
үргэлжлүүлж, сарын өмнө сүр дуулиантайгаар автобусны буудал дээрх ТҮЦ-нүүдийг
ачуулсан. Гэвч ачсан түцнүүд буцаад л бууж эхэллээ. Нөгөө түцээ ачуулах үед
дотор нь байснаас болоод даралт нь ихэсч, түргэний тусламж авч, түүнийг нь олон
телевиз шууд дамжуулж байсан \”эмээ” 120-ынхоо буудал дээр түцээ ажлуулаад л
сууж байна.
Бодвол С.Батболд эмээд найр тавьж дараагийн
Засаг дарга сонгогдтол түцээ ажлуулж болно гэсэн зөвшөөрөл өгсөн бололтой юм. Зөвшөөр зүгээр олдоно гэж юу байх вэ дээ.
Уг нь хотын өнгө үзэмжийг сайжруулах
зорилгоор Э.Бат-Үүл Засаг дарга байхдаа эхлүүлсэн ажлын нэг нь эдгээр түц л
дээ. Стандарт шаардлагад нийцсэн, тодорхой хэмжээ, загвартай гээд их л сүртэй
мэдээллүүд цацагдаж байсныг санаж байна. Тэгвэл энэ сүржин рекламны цаана 1500
гаруй түц зарж, түүнийгээ ажлуулах газрыг ямар ч төлөвлөгөөгүй, эмх замбараагүй
олгосноос үүдэлтэй асуудал маргаанууд дэгдсээр байна.
Нэг түц 10 гаруй сая төгрөгийн үнэтэй
гэхээр хотын дарга 15 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Нэгэнтээ төлбөр
тооцоо хийгдчихсэн учраас иргэд түцээ ажлуулах нь зүйн хэрэг. Одоо ямар ч
төрийн төмөр гар эднийг хохироож болохгүй. Харин тэр үед 15 тэрбум төгрөг авч,
түц ажлуулах зөвшөөрөл олгосон хотын дарга тэргүүтэй хүмүүсээс л хариуцлага
нэхэх ёстой юм шиг.
Гэхдээ \”муу үг модон улаатай” гэгчээр хотын
тэргүүтэй хүмүүсийн түцний бизнес хуулийнхны сонорт хүрч, мөрдөн шалгах
ажиллагаа эхэлсэн байна. Тодруулбал, Түргэн
үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны зүгээс Э.Бат-Үүл, хотын
Ерөнхий менежер асан Б.Бадрал нарыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн тухайгаа
мэдээллээ.
Ер нь түц ажлуулахын хүсэгчид зүгээр л түц
худалдаж аваад ажлуулчихдаггүй. Хотын даргатай холбоотой монополь компанийн
түцийг худалдаж аваад дүүрэгт очиж үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авна. Ингэхдээ
5-15 сая төгрөгийн хахуулийг дүүргийнхэн өгдөг байна. Мөн сар бүр түц ажлуулж
газар ашигласныхаа төлбөрийг төлнө. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь түц
ажлуулчихдаг биш аж. Одоохон хөрөнгөтэйн дээр танил нь дүүрэгт томоохон албан
тушаал эрхэлдэг байж л түц гэгчийг ажлуулж чаддаг байна.
Тиймээс л шинээр ирсэн Засаг дарга бүр түц
гэх унацтай бизнест гараа хутгаж явдаг байж таарлаа. Хуулийнхан энэ асуудлыг
шалгаж, шударга ёс тогтооно гэдэгт итгэж байна. Үгүй бол түцний зөвшөөрөл
олгох, стандарт шаардлага хангуулах нэрээр хотын дарга нар халаасаа дүүргэсээр
байх нь.