Хятадын баруун өмнөд нутгийн Чун Чин хотын эрдэмтэд цусны бүлэг, резус-факторыг хоёрхон минутын дотор тодорхойлох аргыг нээжээ. \”China Daily\” сонинд бичсэнээр, энэ шинэ арга нь цаг хугацааг хэмнэдэг, үнэ өртгийн хувьд хямд төдийгүй лабораторийн бус нөхцөлд ч ашиглахад тохиромжтой аж.
Цусны бүлгийг тодорхойлох нь цус сэлбэх, эрхтэн шилжүүлэн суулгах, жирэмслэлт, төрөл бүрийн яаралтай мэс засал хийх үед туйлын чухал ажилбар юм. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд цусны бүлэг тодорхойлоход лабораторийн центрфуг ашиглаж, 30 минут зарцуулдаг байна. Харин Чун Чины Цэргийн анагаах ухааны их сургуулийн нано анагаах ухааны бүлгийн мэргэжилтнүүд орчин үеийн шинэ аргыг нээж чадлаа.
Уг аргын үндэс нь цусны хүчиллэг чанарыг мэдрэгч урвалж /реагент/ болох моноанионы шар индикатор юм. Энэхүү урвалжийг шингээсэн цаасан дээр шингэний дээжийг түрхэхэд цусан дахь хамгийн их тархсан уураг болох альбуминууд индикатортой урвалд орно. Ингээд цусны өнгөний өөрчлөлтөөс хамааран нүдэн баримжаагаар цусны бүлэг, резус-факторыг тодорхойлох боломжтой болдог байна.
Судалгааг 2014 оноос хойш хийж байгаа бөгөөд энэ хугацаанд эрдэмтэд 355 мянган цусны дээжинд тест хийсэн ба шинэ аргын нарийвчлал нь 99,95 хувьтай гарчээ.
\”Ойрын 1-2 жилийн хугацаанд бид цусны дээжийн тоог нэмэгдүүлж, нарийвчлалыг нь улам сайжруулж, клиникийн туршилт хийхээр төлөвлөж байна” гэж судлаачдын багийн ахлагч Жан Хун ярилаа. Одоо эмч мэргэжилтнүүд шинэ аргын нарийвчлалыг 99,98 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж.
Жан Хун цааш ярихдаа, одоогийн байдлаар эрдэмтэд шаардагдах материалыг бөөнөөр нь үйлдвэрлэх талаар биохимийн компаниудтай яриа хэлэлцээ хийж байна гэж нэмж хэлэв. \”Бидний тооцоолсноор, энэхүү шинэ арга нь одоо ашиглаж буй технологиос 40 хувиар хямд төсөвтэй байх юм. Шинэ бүтээл маань ойрын гурван жилийн дотор зах зээлд гарна гэж найдаж байна” хэмээн дурдлаа.