Сая хол гарсан иргэнтэй нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаар өдөрт 700-800 мянган хүн дамжин өнгөрдөг тухай тоон мэдээлэл бий. Бүхий л салбартаа хамгийн өндөр ачаалал авдаг дүүргийн хувьд шийдвэрлэвэл зохих, манлайлан ажиллах зайлшгүй шаардлага тулгардаг.
Иймээс Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт богино хугацааны хөтөлбөр батлах, зөвлөл байгуулах зорилгоор \”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, дүүргийн ГХУСАЗС зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлага, Замын цагдаагийн алба, ТББ-ын төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнөөр илтгэл танилцуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд Зөвлөл байгуулах юм. Энэхүү зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж үг хэллээ.
Тэрбээр, \”Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр онцгой анхаарал хандуулж, цаг зав гаргаж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага олон нийтийн оролцоог идэвхжүүлэн мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэлээ.
Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, их дээд сургуулиуд байрладаг бөгөөд энэ нь нийслэл хотын замын түгжрэл, замын аюулгүй байдлын гол зангилаа, эх үүсвэрүүдийн томоохон шалтгаан нь болдог аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү \”Одоогийн байдлаар Улаанбаатар хот бол нэг төвтэй. Бид ерөнхий төлөвлөгөөгөөрөө Улаанбаатар хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо хоёр дэд төв нь хийгдээд явж байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хэд хэдэн дэд төвтэй болчихвол төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хамгийн том нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас түгжрэлийг ганцхан төрийн байгууллагуудын нүүснээр буурна гэж ойлгож болохгүй. Гол гол туслах замуудыг сайн барьж байгуулах хэрэгтэй. Холбоос замуудыг сайн хийх хэрэгтэй. Тийм учраас байшин хороолол болон гэр хороолол дундах орц гарцуудыг сайн чөлөөлөх хэрэгтэй.\” гэлээ.