Солонгос улсад шинээр төрсөн хүүхэд болон эцэг эхэд нь ч хүүхэд мэндэлсний зуу дахь өдөр нь хамгийн чухал өдрүүдийн нэг байдаг.
Эрт дээр үеэс одоог болтол уг өдрийг солонгосууд тэмдэглэсээр ирсэн ажээ. Шинэ хүүхэд төрсний зуу дахь өдрийг төрсөн өдөр адил онцгой өдөрт тооцдог болсон нь учиртай. Дээр үед нярай хүүхдийн эндэгдэл маш их, ер хоног дотроо нас бардаг байжээ. Энэ нь ургамлын гаралтай эмээр эмчлээд дийлддэггүй өвчин эмгэг их байсантай холбоотой. Тухайн үед хүүхэд мэндлээд зуун өдөр болсноос хойш нас баралт эрс буурдаг тул энэхүү өдрийг тэмдэглэж байхаар болсон байна.
Хүүхдийг төрөөд хорин нэг хоног болохоос нааш гэр бүлийн гишүүнд тооцдоггүй байжээ. Шинээр төрсөн хүүхдийг зуу хонотол хүлээсний дараа шинэ хүнтэй боллоо гэж баярладаг байсан байна. Иймээс Өмнөд Солонгост хүүхэд мэндэлсний зуу дахь өдөр нь өлзий билэгт өдөр юм. Уг өдрийг тэд хамаатан садан болон ойр дотны найз нөхдийн хамтаар тэмдэглэдэг. Уригдсан зочид бэлэг авчрах ёстой. Энэ өдөр хүүхдэд ээлтэй “Сам шин халь мо ни” хэмээх үлгэр домгийн дарь эхэд залбирдаг. Дашрамд дурдахад, солонгосууд хүүхдийнхээ нэг насных нь ойгоор ширээний ард суулгаад, ширээн дээр мөнгө, үзэг, зүү, ном зэргийг тавьдаг. Хүүхэд юу сонгосноор ирээдүйг нь тодорхойлдог. Мөнгө нь баян чинээлэг байдлыг, ном нь эрдэмтэн, зүү нь урт удаан амьдралыг гэх мэт өөр өөрийн санааг агуулдаг байна.