Өсвөр насандаа боддог байсан “Шаал тэнэг юманд итгэж явж” гэж. Юун өвлийн өвгөн, юун цасан охин, юун бас ид шид вэ дээ … Одоо идэр насандаа эргээд түүнд итгэхийг хүслээ.
Нэг навсархай гэрийн зураг тавьтал хүмүүс их цочирдож хүлээж авч байх юм “Энд хүн амьдардаг гэж үү ?” хэмээн. Яасан их нийгмээс бодит амьдралаас холдоо вэ? Үүнээс долоон дор гэмээр газар өнөөдөр найман архичин хоёр хүүхдийн дунд тасарч хэвтэх, хагас согтуу хэд нь Ид шидийн уутын маань гишүүнийг барьж авч зодсон тухай ярих ёстой юм уу … Ингэж л ураг төрлийн хүчин үйлдэгдэж, бага насны хүүхэд хохирдог талаар их дэлгэрэнгүй хүүрнэх ёстой юу … Эсвэл сайхан юм сайхнаараа дуусч, зөвхөн сайн сайхан зүйлийг л постлож “Урам” хэмээх зүйлийг өгөх нь зөв юм болов уу … Зүгээр л энгийн бодит амьдрал яагаад сенсаац шуугиан хэтрүүлэг мэт ойлгогдох болов?
Бас заримдаа гутардаг байсан “Баахан бэлэг тараалаа гээд яахав дээ, хөлдүү хөнжлөөс нь суга татаад гэртээ авчирах биш дээ …” Харин сүүлд ойлгосон энэ бол бэлэг тараагаад байгаа зүйл биш юм байна, энэ бол итгэлийг түгээж бяцхан зүрхэнд гал асааж байгаа юм байна. Энэ бол тэр хүүхэд биш би өөрөө өөрчлөгдөж улам илүү хурцлагдан тэдний төлөө ихийг хийх сэтгэлийн хат, чадалтай болж байгаа юм байна гэдгийг. Мэдэрсэн ӨГӨХ гэдэг аз жаргалыг, ойлгосон тэдний хувьд ямар чухал хүн байж чадна гэдгээ.
Ингэж би нэг инээн, нэг санаа алдан, нэг зоригжиж, нэг нурсаар цасан охин гэдэг ажлыг хийсэн юм даа. Ид шидийн уут бол эмзэглэл болоод аз жаргал, харин Ид шидийн орон өөрөө шийдэл юм байна гэдгийг бодох бүрт сэтгэл бага зэрэг тайтгарч надтай ижил хэдэн зуун залуус, мундаг хамт олноо харах үед Монголын ирээдүй гэрэлтэй санагддаг аа.
Инээж ч чадахгүй уйлж ч зүрхлэхгүй тийм ээ би хоёр нүүрт цасан охин юм. Хэрвээ манай аль нэг цасан охин сэтгэгдлээ бичсэн бол иймэрхүү зүйл бичих байсан болов уу гэж төсөөлснөө сийрүүллээ.