Баримтын тайлбар: Алс Дорнодын асуудлаарх гурван их гүрний хэлэлцээр. 1945.02.11. ГХТА. Хуулбар
1945 оны 2 дугаар сарын 11-нд “Алс Дорнотын асуудлаар Гурван Их гүрний хэлэлцээр” байгуулагдаж, нэгдүгээрт, Гадаад Монголын (БНМАУ-ын) status quo-г хэвээр хадгалах, хоёрдугаарт, 1904 онд Японы итгэл эвдсэн довтолгооноор эзлэгдсэн Оросын эрхүүдийг сэргээх, гуравдугаарт, Курилийн арлуудыг ЗХУ-д шилжүүлэхээр заасныг Ф.Рузвельт, У.Черчиль И.В.Сталин нар зөвшөөрөн гарын үсэг зуржээ.
Ийнхүү тухайн цагийн дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлогч Их гүрнүүд БНМАУ-ын статус кво-г хүлээн зөвшөөрсөн нь тус улс бие даан оршиж, тусгаар тогтнолоо олон улсад баталгаажуулахын төлөө улс төр, гадаад бодлогын идэвхитэй үйл ажиллагаа явуулж, фашизмын эсрэг тэмцэлд хүч бололцоогоор туслан оролцсоны үр дүн байв. Түүнчлэн Холбоотон улсуудын Японы эсрэг цэргийн ажиллагааныхаа нэг чиглэл БНМАУ-ын нутаг дэвсгэрээс, тус улсын цэрэг хүчний оролцоотойгоор хэрэгжих болсонтой ч мөн холбоотой.
ШУА-ын Түүх-Археологийн Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, түүхч Н.Хишигт