“Тунгалаг тамир” кинон дээр орос эмэгтэй хэдэн монгол хүүхдийг дуудан чихэр өгдөг. Тэгэхдээ ядуу айлын хүүд чихэр өгөлгүй орхидог нь их муухай харагддаг. Тийм биз. Яг тийм явдал одоо туул голын хөвөө орчимд өрнөж байна.
Туул хөвөө одоо барилгажилтын их уурхай болсон. 2011-2012 оны хооронд туулын хөвөөгөөр хамгийн их зөвшөөрөл олгогджээ.
Ганцхан жилийн дотор л Зайсан орчимд 168 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан байгаа юм.
Гэнэт олноор олгогдсон энэхүү зөвшөөрлийн дагуу 894 обьект, хамгаалалттай бүсэд 500 гаруй барилга баригджээ.
Мөн эрсдэл бүхий газруудын жагсаалтад 1387 иргэн, аж ахуй нэгж газар эзэмшиж байна. Гэвч тэдэн дундаас хэд нь зөвшөөрлийнхөө буюу зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаж байна вэ гэдгийг тогтоож, тодруулахын оронд ганц нэгхэн иргэн, аж ахуйн нэгж рүү онцлон дайралт хийж байгаа нь яг л тэр хүүхдэд ялгаж чихэр өгдөг орос авгайтай адил санагдаад байгаа юм.
Ер нь жилийн жилд улстөрчид хууль мөрдүүлж байгаа мэт шоуддаг болж. Харин энэ жилийн улс төрчдийн шоуны золиос дэврүүн хүслээр мөрөөдлөө бүтээж байгаа хэдэн залуу, тэдний хөрөнгөө зарлагадаж бүтээн байгуулж буй барилга өртлөө.
Тэднээс өмнө 1387 аж ахуйн нэгж барилга барьж байхад улс төрчид хаагуур нь юу харж явсан бэ гэдэг нь анхаарал татахгүй байна гэж үү. Одоо туул голыг дагаад яваад үз. Зарим барилгад нь өнөөдөр улс төр хийж байгаа хүмүүс өөрсдөө амьдарч байгаа шүү дээ.
Ер нь анхнаасаа яах гэж зөвшөөрөл олгосон бэ гэдэг асуулт хүн бүрт гарч ирэх байх.
Тэгвэл одоо ч зөвшөөрөл олгосоор байгаа гэдэг хариултыг өгмөөр байна. Гэхдээ “аялал жуулчлалын зориулалтаар” гэж албаныхан тайлбарлах байх.
Харин ийм зориулалтаар газар эзэмшиж, орон сууц барьж, түүнийгээ зарчихаад алга болсон хүмүүсээс хэн хариуцлага нэхэх вэ. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэтэл зориулалтаар нь ашиглахаар зориглосон хэсэг залуус хохирч, улс төрийн золиос болж, бусад нь туул голын гольдролыг өөрчлөн орон сууцныхаа урдуур хүртэл урсгаад л амьдарч байна.
Энэ бүгдийн гэм буруутан бол улс төрийн залгамж халаагүй байдал юм. Нэг сайд зөвшөөрөл олгож, нөгөөх нь цуцалдаг байдлаар ашиг олдог ч байж магадгүй. Ийм нөхцөлд улс орноо хөгжүүлэх хэчнээн мундаг сэтгэлтэй залуус байгаад ч яах билээ. Улсыг хувийн хэвшлийнхэн л хөгжүүлдэг. Төв талбайг тойрсон өндөр барилгуудыг улс бидний татварын мөнгөөр барьсан гэж үү. Үгүй. Хувийн хэвшил өөрийн мөнгөөр л босгож байгаа. Үүнийхээ хажуугаар улс төрчдийн явуургүй үйлдлийг золиос болж, эд хөрөнгөөрөө ч хохирдог.
Одоо тэгэхээр яах ёстой вэ.
Нэгт, бүгд бизнес хийхээ больж, төрийн халамжид шилжье
Хоёрт, Зайсан, туул гол дагуу барьсан барилгуудыг нь бүгдийг нь нураа.
Гуравт, Дахиж хэнд ч зөвшөөрөл бүү өг, бүү ав.
Чадахгүй бол хувийн хэвшилдээ ажиллах боломжийг нь олго.