“Эрдэнэт хотын хөгжил бодлого судлагааны хүрээлэн”-ээс дараахь судалгааг гаргалаа. Энэ нь Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл 370 км зам туулан очдогийг 100 км-ээр багасгаж заавал Дарханаар дамжин өнгөрөхгүйгээр шууд Эрдэнэт хоттой холбох боломж байгааг харсан байна.
Ингэснээр зөвхөн Улаанбаатар–Эрдэнэт хүрэх зам багасаад зогсохгүй Орхон аймгаас гадна Булган, Хөвсгөл гээд бүхий л аймаг суурингууд Улаанбаатар хоттой холбогдох зам 100 км-ээр хасагдана гэсэн үг юм.
Түүнчлэн Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 270 км шулуун зам тавихаас гадна Монгол Улсын анхны хурдны галт тэрэг, хурдны авто замаар зорчих боломж ч нээгдэх ажээ. Үүнийг дагаад 50–60 км тутамд 150–200 мянган хүн оршин суух даац бүхий шинэ сууринг байгуулах, өөрөөр хэлбэл Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл 4-5-н жижиг хот суурин бий болгох юм. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хүн амыг тархаан суурьшуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна.
Уг төслийн зураг төсөл хийгдэж эхэлсэн бөгөөд энэ ажлын шугамаар “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ӨМӨЗО-ны “Шин Тай” групп (Зам барилга, гүүр, хот төлөвлөлт)-ийн удирдлагуудтай уулзсан байна.
Уулзалтанд 150-200 мянган хүнтэй жижиг хотын төлөвлөлтийг хийх судалгааны талаар, мөн Эрдэнэт хотын наадмын талбайн төлөвлөлтийн дагуу зурагдсан Спортын битүү дээвэртэй ордныг хамтран барьж байгуулах төслийг ярилцжээ.