Нялх хүүхдийг хуванцар угжаар хооллосноор өдөрт 1,6-2 сая ширхэг микро хуванцраар хордуулж байгааг эрдэмтэд анхаарууллаа. Хуванцар угжийг халуун усаар угаах, ариутгах, халуун сүү найруулахад хэдэн сая ширхэг микро хуванцар болон хэдэн тэрбум ширхэг нано хуванцар ялгардаг байна.
Судалгааны баг полипропилен төрлийн хуванцар саванд халуун шингэн хийж туршихад литр тутмаас хэдэн сая микро хуванцар ялгарч байжээ. Дэлхийн зах зээлд худалдаалагддаг хуванцар аяга, савны 82 хувийг полипропилен хуванцраар хийдэг.
Хүрээлэн буй орчин, байгальд хаягдсан бичил хуванцар нь хүний идэж уух зүйлсийг бохирдуулдаг ба хуванцар саванд хоол унд хэрэглэх нь үүнээс мянга дахин хортой аж.
Ирланд, Австри, Австрали тэргүүтэй орны эрдэмтэд хуванцар савны асуудал жижиг биш бөгөөд илүү гүнзгий судалгаа хийх ёстой гэдэгт санал нэгдэцгээж байна.
Тухайлбал Ирландын нийслэл Дублин хотын Тринити Коллежийн профессор Жон Боланд “Микро хуванцар хүний биед орсноор эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан, тодорхой судлах шаардлагатай. Хуванцар нь хүний эрүүл мэндэд хортой болохыг хүмүүс аль хэдийн мэдэж байгаа гэж санагдаж болох ч бидний төсөөлснөөс ч илүү хөнөөлтэй байж магад. Ялангуяа хүүхдүүдэд хамгийн их нөлөөлж байна. Гэхдээ хуванцар нь бүхий л хэрэглээнд ашиглаж болох гайхалтай материал тул бид үүнийг хэрэглэхээ болихын оронд илүү аюулгүй болгох талаас нь судлах хэрэгтэй” хэмээжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 300-600 ширхэг микро хуванцар хэрэглэдэг байна.
Эх сурвалж: TheGuardian