Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож, дэлхий даяар “Усны үнэ цэн, үнэлэмж” уриан дор цахимаар тэмдэглэж байна. Анх 1992 онд НҮБ-ын Байгаль орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогсдоос Олон улсын усны өдрийг тэмдэглэх санаачилга гаргажээ. Үүнийг НҮБ-ын Ерөнхий ассамблей зөвшөөрч, 1993 оны 3 дугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. Манай улсын хувьд 2005 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн байна.
Дэлхийн усны өдөр нь хүн бүрийг усны үнэ цэнийн талаархи өөрсдийн туршлага, бодол санаа, туршлага, түүхээ цахим талбараар нээлттэй хуваалцах боломжийг олгоход оршиж байна. Энэ жил “Дэлхийн усны форум”-ыг Африкийг Сенегал улсад зохион байгуулж байгаа бөгөөд 3 дугаар сарын 22-ноос эхлэн бүтэн 7 хоног олон арга хэмжээг нээлттэй зохион байгуулах аж.
Дэлхий даяар усны үнэлэмжийг 5 чиглэлээр тодорхойлж олон нийтийн анхаарлыг хандуулахыг уриалж байна. Үүнд:
- Усны нөөцийн үнэлэмж- байгалийн усны нөөц ба экосистем,
- Усны дэд бүтцийн үнэлэмж-Хуримтлуулалт, цэвэршүүлэлт ба хангамж,
- Усны үйлчилгээний үнэлэмж-Ундны ус, ариун цэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ,
- Үйлдвэрлэл нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж-хүнс, хөдөө аж ахуй эрчим хүч, үйлдвэр,бизнес, ажил эрхлэлт.
- Усны нийгэм, соёлын талын үнэлэмж-амралтын газрын, соёлын, шашны гэж тодорхойлдог.
Энэ өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоотой хамтран нэн шинэ орчин үеийн “Хуурай үер” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээгээд байна. Усны салбарын мэргэжилтнүүд болон уран бүтээлчид энэ үзэсгэлэнгээр усны үнэлэмж, хомсдол, үнэ цэнийг нийгэмд ойлгуулж усаа хайрлах сэдлийг хүмүүст өгөх зорилготой хэмээн хэлж байна.
Манай орны нөхцөлд агаар, ус, хөрсний бохирдлыг цогцоор шийдэх боломж байгааг ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал доктор, профессор Д.Басандорж онцолж байна.