ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Энэ удаагийн хөл хорионы үр дүнг хэрхэн тооцоолж байгаа вэ. Хөл хорионы 15 хоногийн хугацаанд халдварыг бууруулж чадах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариулав.
Тэрбээр “Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч өвчлөл тууштай буурах уу эсвэл түр сааруулах уу гэдэг нь тодорхой болдог.
Хөл хорионы 15 хоногийн хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүсийн 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл байдал яг 15 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 25-н гэхэд ялимгүй л буурах дүр зураг харагдаж буй. Ингэж ялимгүй буураад эргээд давлагаа гарахаар харагдаж байгаа. Тэрхүү давлагаа нь долоодугаар сарын сүүл орчмоор буурах тооцоололтой байна.
Харин 28 хоногийн хөл хорионы тооцооллыг яг адилхан хийж үзвэл, тавдугаар сарын 8-н гэхэд халдварын тархалт огцом буурахаар харагдаж байна. Мөн 28 хоногийн хөл хорионы тооцооллоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх өвчлөлийн тоо 10-аас доош орох, цаашдаа ч мөн буурах үзүүлэлт харагдаж байгаа юм.
ХӨСҮТ-ийн зүгээс урт хугацааны хөл хорио тогтоох нь ямар үр дүнтэй талаар тооцооллуудаа тогтмол танилцуулдаг. Ер нь бол халдвараа нэлээд хэмжээнд бууруулах уу, эсвэл эрүүл мэндийн ажилтнууддаа нэг удаа амьсгаа авах чөлөө өгөх үү гэсэн хоёр сонголт л харагдаж байгаа.
Бидний зүгээс аль болох урт хугацаагаар хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэсэн юм.