Амны хаалтаа тогтмол зүүх нь халдвар авсан эсэхээ шинжлүүлэхээс илүү чухал болохыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр сануулав.
Тэрбээр “Эм, эмнэлгийн агентлагаас одоогоор найман төрлийн түргэвчилсэн оношлуурыг батлаад байгаа. Улс орон бүр үүнийг батлах ёстой байдаг. Гэвч үүнтэй холбоотой зарим асуудал гарч байна.
Тухайлбал, орон нутагт хэрэглэж буй коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн 11 оношлуурыг шалгахад зөвхөн нэг нь л Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур байсан.
Бид хурдавчилсан оношлууруудаар эерэг гарсан тохиолдлуудыг PCR-аар баталгаажуулахад хуурамч эерэг 11 хувь, хуурамч сөрөг ч гэсэн маш өндөр хувьтай гарч байна. Тиймээс цаашид олон нийтэд PCR-аар зөвхөн баталгаажсан тоог олон нийтэд мэдээлж байх юм.
Халдварын тархалт өндөр үед шинжилгээний тактик өөрчлөгдсөн бөгөөд иргэд амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатайг сануулъя.
Учир нь дельта хувилбарын хувьд, амны хаалтгүй зөрөөд өнгөрөхөд л халдварлах чадвартай. Тиймээс шинжилгээ хийлгэх гэж яарахаас илүү амны хаалтаа маш сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.
Дельта хувилбарын давлагаатай холбоотойгоор хавьтал, шинж тэмдэгтэй байвал эмнэл зүй дээр үндэслэж буюу заавал шинжилгээ хийхгүйгээр эмчилгээ хийх чиглэл өглөө. Энэ бол халдварын онцлог, эрүүл мэндийн салбарын нөөц зэргээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг зүйл.
Гэхдээ бидэнд хүн амын 60 гаруй хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн давуу тал бий. Тиймээс хүндрэл, нас баралт багатайгаар энэ давлагааг даван туулж байна” хэмээн ярилаа.