Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг өнөөдөр танилцууллаа
Энэ үеэр ипотекийн зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар АХБ-ны ахлах шинжээч С.Болдоос тодруулав.
Тэрбээр “Ипотекийн зээлийн хөтөлбөр 10 жилийн өмнө эхлэхдээ инфляцын зорилтот түвшинтэй уялдсан хүүг тогтоож байсан. Хэрэв инфляц одоо байгаа түвшиндээ хадгалагдаад төв банкны хүү зургаан хувьд ирвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой гэсэн бодлогын томьёололтой.
Гэтэл сүүлийн 20 сар инфляцын түвшин арваас дээш хувьтай байна. Ийм орчинд ипотекийн зээлийг зургаан хувиар олгохоос илүү найман хувиар олгосон нь дээр байх.
Хэдийгээр хүүг нь бууруулаад зургаан хувь болгосон ч гэсэн орон сууцны үнэ огцом нэмэгдсэн байгаа. Үүнийг дагаад нийлүүлэлт талаас нь хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийн олдоц ховор болсон. Учир нь цар тахлын үед зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсаар байсан. Өмнө нь гаргасан зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээл санхүүждэг. Тиймээс зээлийн санхүүжилт бага байгаа.
Хоёрдугаарт орон сууцны үнэ өссөнтэй холбоотой худалдан авах чадвартай зээлдэгчдийн тоо асуудалтай болох магадлалтай. Хэдийгээр зургаан хувийн хүү болгож бууруулсан ч зээл гарахгүй байж болно.
Тиймээс ипотекийн зээлийн хүүг сонирхлоор шийддэг зүйл биш. Инфляцын түвшинтэй уялдаж гарсан хөтөлбөр гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг хадгалсан тохиолдолд ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлалаа.