Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хаяанд ирлээ. Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Мөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалж дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг. Энэ дагуу бид өрх толгойлон амьдарч байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж байна. Манай улсын эмзэг бүлгийн багагүй хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг. Нөхөр нь салж явсан, эсвэл нас барсан зэрэг шалтгааны улмаас олон эмэгтэй амьдралын хатуу хөтүүг нуруун дээрээ үүрч, үр хүүхдээ өсгөхийн төлөө борви бохис хийлгүй ажиллаж байна.
Судалгаагаар өрх толгойлсон эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд буурсан дүн гарчээ. Тодруулбал, 2012 онд -81557, 2013 онд 81741, 2014 онд 80838, 2015 онд 78606, 2016 онд 77717, 2017 онд 76893, өрх толгойлсон эмэгтэй байна. Хэдий буурч байгаа ч энэ бол хангалтгүй үзүүлэлт юм. Мөн өнөөдөр 5-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон 6492 эмэгтэй байгаа бол 3-аас дээш хүүхэдтэй 44606 эмэгтэй байгаа аж.
Өдөрт дунджаар 40 хос гэрлэлтээ бүртгүүлж, 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна
Эмэгтэйчүүд өрх толгойлж амьдарч байгаа хамгийн гол шалтгаан гэр бүл салалт. Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Өдөрт дунджаар 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлж байна гэсэн тоон судалгаа байна. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг. Тухайлбал, гэр бүл судлаач Баярцэнгэл Гэр бүл салалтын нийтлэг шалтгаануудад
-Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
-Шилжилт хөдөлгөөн
-Архидалт, муу зуршил
-Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
-Хэрүүл маргаан, Үл ойлголцол
-Хүчирхийлэл, Дарамт шахалт зэргийг судалгаандаа дурьдсан байна.
Гэр бүлээ цуцлуулсан эмэгтэйчүүд шүүхэд хандаж хүүхдийнхээ тэтгэмжийг авах эрхтэй. Учир нь шүүхээс хариуцлага хүлээх талд хүүхдийн тэтгэмжийг өгөх шийдвэрийг гаргадаг. ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгчид өдөрт 200 гаруй ийм шийдвэрийн араас хөөцөлддөг байна. Харицлагаа ухамсарлаж хүүхдийн тэтгэмжээ сар бүр өгдөг аавууд ч цөөнгүй байдаг гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.
…Эдгээр асуудлын хамгийн гол эмзэглэх зүйл бол хүүхдийн хүмүүжил. Өрх толгойлсон эмэгтэйчүүд ар гэрийн ачааг ганцаараа үүрч явахаас гадна эцгийн үүргийг давхар биелүүлдэгт энэ өрөөсөн амьдралын хүнд бэрх нь оршиж байдаг. Харамсалтай нь хичнээн зүтгэвч нэгэн бие хосын амьдралыг бүтэн болгож чадахгүй билээ.
Н.Алтанцэцэг