Харвардын эрдэмтэд эрүүл амьдралын нууцыг тайлахын тулд олон зуун хүнд 50 жилийн турш судалгаа явуулжээ. Судалгаагаар эрүүл мэнд нь хүний амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалахыг баталжээ. Мөн хэдий эрүүл хэмнэлтэй амьдарсаар ирсэн ч хүнд өвчин туссан тохиолдлуудын шалтгааныг тайлбарлажээ.
1. Хорт зуршлаас татгалзах
Судалгаагаар тамхи, хар тамхи, согтууруулах ундаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн зэргийг хэрэглэх таны эрүүл, аз жаргалтай амьдралын хамгийн том дайсан болохыг тогтоожээ. Мөн эдгээр муу зуршилтай хүмүүсийн дунд гэр бүл салалт, санхүүгийн хүндрэл хамгийн их байдаг аж. Тухайлбал, 30-50 насандаа согтууруулах ундаа, хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэгт донтсон хүмүүсийн гэр бүл салалт хамгийн өндөр хувьтай байсан төдийгүй ихэнх нь 80 нас хүрээгүй бөгөөд, хүрсэн ч бие махбодын олон зовиурийг туулдаг болохыг тогтоожээ.
2. Өндөр, чанартай боловсрол
Чанартай сайн боловсрол эзэмшсэн байх нь таны нийгэм дэх байр суурийг дундаж иргэдээс илүү өндөрт өргөдөг учир, өөртөө итгэх итгэл, цаашдын жаргалтай байдалд хамгийн ихээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгаанд оролцсон өндөр боловсролтой хүмүүс бусдаасаа илүү аз жаргалтай, эрүүл болон санхүүгийн эрх чөлөөтэй байжээ.
3. Аз жаргалтай бага нас
Бага байхдаа хүчирхийлэлгүй, жаргалтай гэр бүлд өссөн хүүхдүүдийн ирээдүйн амьдрал аз жаргалтай, эрүүл байх магадлал бусад хүүхдүүдээс даруй 35 хувиар илүү байжээ. Түүнчлэн багадаа санхүүгийн боломж муутай ч эрүүл харилцаатай гэр бүлд төрсөн хүүхдүүд томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт тэнцэгчдийн ихэнх хувийг эзэлдэг аж.
4. Нийгмийн харилцаа бол бүх юм
Нийгмийн, хүн хүнтэйгээ харилцах харилцаа хүний аз жаргалтай, эрүүл амьдралд хамгийн чухал нөлөөтэй бөгөөд судалгааны явцад нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, найз нөхөдтэйгөө таарамж сайтай хүмүүс илүү аз жаргалтай, бие бялдрын хувьд эрүүл чийрэг байдаг илүү урт насалдаг нь тогтоогджээ. Харин эсрэгээрээ эргэн тойрныхоо хүмүүстэй таарамж муутай, ганцаардмал, зожиг хүмүүсийн бие махбод өвчлөмтгий, тархины үйл ажиллагаа сул байдаг бөгөөд наслалт ч мөн богино байдаг аж.