Наадмын маргааш намар гэж нэг үг бий. Эртнээс уламжилж ирсэн энэ үг зүгээр ч нэг гараагүй биз ээ. Хөхөөн дуу ойртсоныг илтгэх энэ үгийг дахин дахин хэлмээр байна. Намрын ажил нуруун дээр ирлээ, одоо найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа орцгооё.
Баяр наадам хэмээн хөл алдаж байх хооронд Хүчтэй борооны улмаас хэд хэдэн аймагт үер бууж зам талбай эвдэрч, айл амьтан үерийн усанд урсаж багагүй хохирол учирсан. Иймээс үерт эвдэрсэн замаа засварлаж, өвлийн өнөтэй давах хадлан бордоогоо бэлтгэх, улсын нөөцийн санг бүрдүүлэх гээд их ажил биднийг хүлээж байна.
Хатуухан өвөлтэй нүүр тулдаг манайх шиг орон эртхэн л хадлан бордоогоо нөөцлөхгүй бол хөхөө өвлийн зуданд хамаг малаа алдаад дуусна. Түүнээс гадна нийслэлчүүдэд дулаан, эрчим хүчээ нөөцлөх, түлээ түлшээ бэлтгэх зэрэг багагүй ажил бий. Энэ их ажил улсын баяр наадам, түүний араас үргэлжлэх аймаг, сумын наадмын тоосонд дарагдаж, мартагдах нь.
Долдугаар сарын 19-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдаан болж үер усны гамшгаас учирсан хохирол болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Амралтын үе болж байгаа ч төрийн албыг эзгүйдүүлж болохгүй. Дарга нар амарсан ч заавал орлогч үлдээх хэрэгтэй. Үер ус болж байгаа газруудад онцгой комиссын дарга нараа ажиллуул. Наймдугаар сарын 1-нээс эхлээд төрийн алба жигд ажиллана шүү. Үүнээс өмнө хүмүүсээ ээлж дараатай амраагаарай. Ялангуяа удирдлагын төвшинд наймдугаар сарын 1-нд улсын хэмжээнд ажилдаа орсон байна. Наймдугаар сарын 1-н гэхэд бүх найр наадмыг дуусга. Үүнээс хойш найр наадам хийгээд, айраг цагаа эрүүлээд яваад байж болохгүй” гэдгийг анхааруулж хэлсэн юм.
Намрын налгар өдрүүд наашилж эхэллээ. Нэг л мэдэхэд өвөл хаяанд ирчихнэ. Иймээс намаржин хавтгайрдаг найр наадмаа өндөрлөж, хахир өвөлдөө бэлдэцгээе.