Монголд хүүхдийн спа байгуулагджээ. Сурталчилгаа юм уу, ямартай ч хэдэн охид үйлчлүүлж байна. Ихэд донжтой, тансаг харагдана. Гэхдээ хүүхэд хүүхдээрээ өхөөрдөм харагдсангүй. Бүх будаг шунх нь органик гэнэ. Тийм л байх ёстой. Гоо сайхныг 8 наснаас нь эхэлж арчилж, хамгаалах хэрэгтэй гэж нэг гоо сайханч хэлж байсан нь санаанд буув. Гэхдээ будаг шунхны талаар тэрээр огт дурдаагүй.
Охид ээж, эгч нарыгаа дуурайн нүүр амаа хааяа будаж тоглодог. Томдсон шаахай өмсөж, гял цял хувцас өмсөж тоглох нь тухайн насныхны орчинтойгоо танилцаж, хөгжиж буй бас нэг онцлог биз ээ. Харин энэ сонирхолд нь дөрөөлсөн хүүхдийн спа тэднийг наснаас нь эрт өтлөх замд хөтөлж буй мэдрэмжийг олон хүнд төрүүлсэн бололтой. Мэдээж бизнесийн байгууллага ашгийн төлөө зүтгэнэ. Энэ спа-гийн үйл ажиллагааг дэмжигчдээс илүү шүүмжлэгчид олон байна. Үнэндээ хүүхэд хүүхдээрээ байж, бид тэднээсээ жаргал хүртдэг. Гэтэл спа-д үйлчлүүлж буй охидыг харсан хүмүүст бяцхан гүнж нар гэж өхөөрдөх, хайр татам сэтгэгдэл огт төрсөнгүй бололтой. Тэд хэзээний насанд хүрэгчид, “хов базаж” буй хүүхнүүд шиг мэдрэмж төрүүлж буйг хэлэх хүн олон байна.
Суурь боловсролыг нь хэрхэн зөв залж тавьж өгөх вэ гэж санаа зовнихоос илүү хичээл хийхээс хамт залхаж, хүссэнийг нь харамгүй биелүүлж, эрхийг нь дэндүүлж буй тэр аав ээжүүдэд хүүхдийг хүүхдээр нь байлгахыг хүмүүс зөвлөж байна. Ийм төрлийн үйлчилгээ манай энэ нийгэмд зохимжгүй, цаг нь болоогүй гэдгийг ч сануулцгааж байна. Мөн хүмүүжлийн болон харилцааны доголдлууд хүүхдийн тархинд сууж мэдэх юм хэмээн сэрэмжилжээ. Бусад улсад ийм үйлчилгээ байдаг гэж тайлбар хэлж хамгаалах хүн ч байна. Тэгвэл энэ бол хүүхэдтэй харилцах арга зүйн суурь сайн тавигдсан баталгаатай хөгжингүй орнуудад хийж болох зүйл гэдгийг бодолцох хэрэгтэй аж.
Хүүхдийн булбарай зөөлөн арьсанд химийн элдэв бодис нялж, зөвхөн баярлаж байгааг нь харахын тулд хүмүүжил, насны онцлогоос нь холдуулж ийн эрхүүлэх нь хэр өгөөжтэй хүмүүжил юм бол?! Хүүхдээ баярлуулах нь тийм хэцүү болсон цаг үе үү дээ…