УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн хуралдаанаараа “Итгэлийн зээл” олгох эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргажээ. Бүлгийн энэхүү шийдвэрийг маргааш байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөөд байна. Нэгэнт бүлэг дэмжиж байгаа учир байнгын хороо, нэгдсэн чуулганаар дэмжигдэх байх гэсэн хандлага байна.
“Итгэлийн зээл” хэмээх зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, 20 хүртэлх сая төгрөгийн дүн бүхий иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгох зээл юм. Хамгийн гол нь энэхүү зээлийг авагч нь ямар нэгэн эдийн засгийн баталгаагүй байж болох бөгөөд хугацаа нь гурван жил. Зээлийг хүсэгч нь өмнө нь ямар нэгэн баталгаагүй зээл, санхүүгийн байгууллагаас зээлгүй байх шалгууртай. Энэ бол төр иргэддээ анхаарал хандуулж буйн нэгэн илрэл.
Гэвч төрийнхөө энэхүү анхаарал халамжийг иргэд маань хүртэх хувь заяа даанч алга даа.
Учир нь Монгол улсын 750 мянган иргэн цалин болон тэтгэвэрийн зээлтэй. 93 мянган залуу гэр бүл ипотекийн зээлтэй байна. Харин нийт хүн амын 30 орчим хувь нь насанд хүрээгүй шалтгаанаар энэхүү зээлийн шалгуурыг давахгүй хасагдана. Ингэхээр зээл авах боломжтой иргэдийн тоо харьцангуй цөөн үлдэж байгаа юм.
Энд нэг болгоомжлол төрж байгаа юм. Гэнэт ингэж их хэмжээний мөнгийг ямар ч шалгуургүй авсан иргэд ажлын байрыг нэмэгдүүлж чадалгүй харин 20 саяар төгрөгөөрөө тоглоод дуусах вий гэх болгоомж байна. Ингээд иргэд мөнгөөрөө тоглоод эхлэхээр инфляци өсч таарна.
Инфляцийн өсөлтийг зөвхөн зээл авагч бус бүх л иргэд нуруундаа үүрэх болдог. Хэдийгээр иргэдэд олгох зээлийн шалгуурыг багасгаж байгаа нь сайн хэрэг ч юу хийхээ шийдээгүй хүмүүст зээлийг олгох нь иргэдээ хорлож буй үйлдэл болно гэдгийг анхаарах хэрэгтэй.