-Малчны амьдрал хүнд байна.
-Махаа гадагшаа зарахгүй байна.
-Эрээнд л гэхэд доод талын мах 36 мянган төгрөг байна. -Улаанбаатарчууд Эрээнээс хэд дахин хямд мах идэж байна.
-Уул уурхай биш Хөдөө аж ахуй бол тэргүүлэх салбар мөн.
-Махаа гадагшаа гаргавал арьс шир, дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.
-Хот суурин газрынханд төрөөс татаас өгч хямд махаар хангана.
-Импортын маханд татвар өндөр тавина ч гэх шиг…
Сүүлийн хэд хоногт УИХ-ын гишүүд махны экспорт ярив. Махны бизнес эрхэлдэг голдуу эрхэм түшээд малчид тааруухан амьдарч байна гэх далбаан дор мах гадагшаа гаргахыг лоббидож байгаа нь тэр. Ковидоос болж мах БНХАУ руу гаргахгүй байгаа нь эрхэм түшээдийг ийнхүү ил гарч малчдад хайр зарлахад хүргэв бололтой.
Монголын мал 70 сая хүрч буй нь эрхэм түшээд болон түншүүдийнх нь “шунал тачаал”-ыг ихэд хөдөлгөн арьс ширний үнэ хүртэл ярив. Үнэн чанартаа арьс ширийг үнэгүйдүүлэх бодлогыг та бүхэн цаашлаад танай түншүүд хийсэн билээ. 10 жилийн өмнө 100000 төгрөг байсан үхрийн шир, 30-40 мянга хүртэл яагаад унав, зах зээлийг нь хэн сүйрүүлсэн билээ гэдгээ эхлээд санаарай. Уул уурхайн бизнес, лицензийн наймааг ҮХНӨ-өөр хаагаад эхлэнгүүт “Хөдөө аж ахуй бол тэргүүлэх салбар” гэж хашгирч эхэллээ. Тийм учраас махаа гадагшаа гарга гэж уриална. Улаанбаатар хотын ойролцоох Эмээлтийн зоориудад хятадуудын хуруугаа хөлдөөх шахам авсан мах өмхийрөх дээрээ тулаад авлигад өгсөн мөнгөө нэхэх гээд хэцүү байгаа учир улс төрчид ийнхүү бачимдлаа.
Төсвөөс мөнгө авч махаа кг-аар биш граммлаж буй ядууст бус мах нийлүүлж байгаа компаниудад өгнө гэхээ мартсангүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ядуусын хүнсний картаар улс төр хийхээ бас бодолцсон байх юм. Монголчууд мах иддэг учраас нэг их урт насладаггүй ч уураг тархины хөгжил сайтай, хүдэр чийрэг сайтай бүргэд шигээ хийморьлог ард түмэн.
Махаа рекламдаж зардаг ард түмэн гэж дэлхий дээр байдаггүй. Тэр махыг чинь дэлхийн баячууд л онгоцоор зөөлгөж иддэг билээ.
Эх сурвалж. Баримт.мн