Өмнөд ба Умард Америк нь хүн суурьшсан хамгийн сүүлчийн тивүүд гэж эрдэмтэд үздэг. Харин яг хэзээнээс эхэлж суурьшсан талаар археологичид маргасаар байгаа.
Хамгийн түгээмэл ойлголтоор бол анхны хүмүүс сүүлчийн мөстлөгийн төгсгөл үеэр буюу одоогоос 13,000-аас 16,000 жилийн өмнө Ази тивээс Берингийн хоолойгоор дамжин Умард Америкт ирсэн гэдэг.
Тэгвэл энэ онолыг үгүйсгэх шинэ баримтыг илрүүлснээ хэсэг эрдэмтэд өчигдөр зарлажээ.
“Science” сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд АНУ-ын Нью Мексико мужийн нутгаас олдсон эртний хүмүүсийн мөрний тухай бичсэн байна.
Хаданд дээр тогтож үлдсэн эдгээр мөрнүүдийн насыг орчин үеийн аргаар тогтооход 23,000 орчим жил гэж гарсан гэнэ.
Өөрөөр хэлбэл ийм хугацааны өмнө Умард Америкт хүмүүс амьдарч байжээ.
Судалгааг ахалсан Бурнмоут Их сургуулийн профессор Мэттью Беннет хүмүүс үүнээс ч эрт Америк тивд суурьшсан байх ёстой гэж үзэж байна.
Учир нь тухайн үед мөстлөгийн оргил үе байсан бөгөөд хүйтэн цаг уурын улмаас Ази, Америк тивүүдийн хооронд аялах ямар ч боломжгүй байсан гэж тэр дүгнэжээ.
Сүүлчийн мөстлөгийн оргил үе 19,000-26,000 жилийн өмнө үргэлжилж, асар том мөсөн давхарга Умард Америкийн хойд гуравны нэгийг бүрхээд байсан гэнэ.
Уг давхаргын зах өнөөдрийн Нью Йорк, Цинциннати, Дэс Мойнес хотуудад хүрч байжээ.
Нью Мексикогоос илэрсэн олдвор 9-өөс 14 насны хүүхдүүдийн мөр байсныг бас тогтоосон байна.Бас хажууд нь арслан заан, чоно, шувуу зэрэг амьтдын мөрнууд байжээ.
Олдворын талаар төсөөлөл зураг
Энэ нь тухайн үеийн хүмүүсийн ажил хөдөлмөрийн хуваарьтай холбоотой байж болзошгүй гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Тухайлбал томчууд ан гөрөө хийж, хүүхдүүд агнасан олзыг нь цуглуулах, зөөх ажил хийдэг байсан байх магадлалтай гэж тэд тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN