Хамаг Монголын хаан нь Хабул (КауБайУл) байсан цаг үед Чонос гарвалтай нэгэн малчин айлын бяцхан хүү эцэг эхдээ эрхлэн өсөж, хурга ишигтэй тоглон нааддаг байжээ. Гэтэл нэгэн өдөр хайртай хэнз хурганых нь нүдийг хар хэрээ тоншиж орхисонд хүү ихэд уурлан уйлаад, хэрээнээс өс авахаар модон дээрх үүрэнд нь авирч, өндгийг нь газар шидчихжээ. Хар хэрээнүүд гуаглан олноор ирж хүү рүү довтлоход хүү модноос унав. Хэрээнүүд олноороо дайрцгааж, хүүг сарвалзан тэмцэлдэх зуур нэгэн хэрээ нүдийг нь тоншчихож гэнэ. Хүү нүүрээ даран уйлан зугтсаар гэртээ ороход, ээж нь тэврэн домч руу яаран авч явав. Харамсалтай нь домчийнх хүртэл хол зайтай. Домчийнд мориор гурван өдөр явж хүрэхэд, цаг алдснаас болж хүүгийн нүд харалган болсон байв. Нэг нүд нь сохорсноос гадна нөгөө нүднийх нь мэдрэл дарагдаж юм харж чадахаа больсон байв гэнэ ээ.
Хүүгийн эцэг хааны цэрэгт хорчин байсан бөгөөд тэдний дөрвөн хүү нь дайнд өнгөрч харуусал гуниг, дайны айдас ихтэй. Хөвүүдээ дайнд алдсаны дараа эцэг нь цэргээс чөлөөлөгдөн, гэртээ ирээд энгийн ард малчин болжээ. Тэгээд нас нь ахимаг болсон ч хоорондоо хоёрхон насны зөрүүтэй, хоёр хэнз балчир хөвүүнтэй болсондоо баяр хөөр, хайр энэрэл дүүрэн амьдарч байв. Гэтэл ах нь томоогүй зангаасаа болоод ийн сохор болсонд эцэг эх нь ихэд энэлэн шаналжээ.
Тухайн цагт Алтан улс Монголчуудтай ойр ойрхон дайтдаг байснаас Монгол нүүдэлчин аймгуудын хөвүүд 13 нас хүрсэн бол цэрэгт татагддаг байлаа. Энэ нүүдэлчдийн олон отгоос онцгой хачирхалтай нь ХонхотЭн (Хонхотан) гэдэг нэгэн отог байв. Энэ отгийн бүх хүмүүс тахир дутуу бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй. Түүнийг удирддаг отгийн ахлагч нь хүртэл дайнд хоёр хөлөөалдсан, тахир дутуу баатар эр гэнэ. Хэлгүй, дүлий, сохор, гаргүй, хөлгүй мөн цус ойртолттой, тархины саажилттай, бусдад мангар тэнэг гэж хэлүүлдэг бүх л хүмүүсийг нүүдэлчдийн олон отог галаас цуглуулан нэгэн отог бүл болгон хамтад нь амьдруулах хаант төрийн бодлоготой байв, тэр үед.
Төрөөс тэдэнд авилга өгөн хоногийн хоолтойгоо байх бөгөөд татвар авахгүй ч зэвсэг бариад гүйж, ганц гараараа ч болов хүмүнийг жадалж чадаж л байвал хэлгүй, дүлий хамаагүй, моринд мордоод давхиж чадаж л байвал түүний хөлтэй хөлгүй хамаагүй, хүмүний үг ойлгоод хий гэснийг хийж чадаж л байвал ухаан санаа нь хамаагүйгээр цэрэгт татна. Тэд бол хүн бамбайн үүрэгтэй. Тахир дутуу эдгээр хүмүүс үхэхэд гарзгүй. Тэртэй тэргүй л үхэхээс цааш тэд ч нэр төртэйгөөр тулалдаж,дайнд үхэхийг илүүд үзнэ.
Гэвч бас ар гэртээ амьдралтай, залуу багахан настанууд болон амьдрахыг хүсэх хүсэл тэмүүлэлтэй нь үхэлтэй хамгийн түрүүнд тулах агшинд хэрхэн тэмцэлдэж, амиа хэрхэн авч гарах арга самбаа, дайтах урлаг, мэдлэг чадварт суралцахаас өөр аргагүй, тийм л сонголтгүй тулаанд Хонхотан отгийнхны хувь заяа бий. Тэдний салааг мөлхүүл гэж нэрлэнэ. Мөлхүүлийнсалаан араас Уругуд, Мангудын дайчид орно энэ мэтээр цэргийн нарийн зохион байгуулалттай. Гэвч Хонхотан отгийн ул суурь нэлээн эртнээс тавигдаж эхэлсэн түүхтэй.
Монголын нууц товчоонд олон олон хүний амьдрал, нэр гардаг ч төрөлхийн хараагүй төрсөн ДуБа сохрын түүхийг дурсанбичсэн нь бий. ДуБа сохор бол далдыг харах, ирээдүйг зөгнөх шидтэн байсныг магнай дунд ганц нүдтэй хэмээн үлгэр домгийн амьтан мэтээр бичсэн нь үнэндээ тэр билгийн мэлмийтэйг л тодолж, уран сайхнаар төсөөлөл үүсгэн бичжээ. Түүнээс ч хэдэн үе өмнөх эцэг өвгүдийн цагт Монгол бөө нар шидийн дээдийг агсацгаасан, далд ертөнцийн мэдлэг ихтэй байв. Отог отгоороо бөөгийн өөр өөр элдэв шидэнд гаршиж, өөр хоорондоо шидээр байлддаг байж гэнэ. Шидийг удам дамнуулан эзэмшин гаршсанаас улбаалан цас мөсний шидийг агссан Мөнгөн эвэрт Бух отгийнхон цаг агаарыг байнга өвөл байлгаж, цаа бугаа арвин ихээр өсгөхөөр жамыг сөрж, зун болгохоо байлгаж газар дэлхийд мөстөлтийг үүсгэжээ. Гэтэл ойр хавийн нүүдэлчин малчид зуд турханд малаа алдаж, буруутныг хайсаар олж, түүний эсрэг шидээр байлдацгааснаас газар хагарч, галав юүлэх дөхжээ.
Ингээд зогсохгүй малчид, анчдын отгийнхон Мөнгөн Эвэртийн тэргүүн Бух мэргэн бөөг барьж, дахин ийм зүйл хийхгүй байхыг сануулахад үгэнд эс орно, би өөрөө Тэнгэр эцэг болно гэж хэгжүүрхжээ. Үхээд ч түүнийг ямар нэгэн сүнсэн оршихуйгаар нь байлгахгүйгээр шийдэж, Чоносын бөө нар түүний сүнсийг огт ор үгүй болгон задалж хаяж гэнэ ээ. Энэхүү бодлогогүй аллагаас болж Бух отгийн дээд шидтэн Бух мэргэний удмын мэдээлэл удамшлын сангаас алга болсноорудамшлын өвчинтэй хүүхэд төрөх болсон түүхтэй гэж Онгодууд хуучилдаг. Тэнгэрийн шидийг өөр өөрийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж, гэмгүй олны аминд хүрцгээж, жамыг сөрцгөөсөн учраас Тэнгэрийн гэсгээл дайнд орсон нүүдэлчин бүх отгуудад буужээ.
Чонос отгийнхон Бухан отгийнхныг хүйс тэмтэрч, настан буурлаас нярай хүртэл нь алж орхив гэнэ. Азаар нэг л өлгийтэй нялх хүү амьд үлдэж, түүнийг Баавгай отгийнхон таарч аварчээ. Тэр хүү өсч том болон түүний үр удам үргэлжлэн явсаар, нэгэн охин нь болох бүсгүй Чоност бэр болон ирж БорогЧинХоо-г төрүүлжээ. БорогЧинХоо-н яс тал нь Чонос, эх тал нь хүйс тэмтрэгдсэн Бухат отгийнх. Ингэж Бух отгийнхныг хүйс тэмтэрсний хараал цусаар дамжин орж ирж Чоносын нуган үрд илрэв.Галын шидийг эзэмшсэн Чонос отгийн толгойлогчийн гэрт сохор хүү төрж, түүнийгээ ДуБа гэж нэрлэснээр ДуБа сохрын домог эхэлдэг. Тэр цагт олон айлд Тэнгэрийн гэсгээлээр янз бүрийн согогтой хүүхэд төрсөн нь аюул байлаа. Эцэг өвгүдийн өмнө хийсэн үйлийн үрийн төлөөс болсон нялх үрсийн энэ их өвчлөлөөс Монголчууд олон зүйлийг ухаж ойлгож, бөөгийн шидээр хамаагүй наадаж болохгүй, Тэнгэрийг хилэгнүүлбэл хохирлоороо танин мэддэгийг ухаарч гэнэ ээ.
ДуБа сохрын ах нь ДоБу мэргэн гэж бий. ДоБу мэргэн Чонос отгийн толгойлогч байгаад насан өөдлөхөд дүү ДуБа сохрын дөрвөн хүү нь ДоБу мэргэний хөвүүдийг балчир гээд хаяж нүүгээд Дөрвөн иргэн нэртэнгүүд болсон ажээ. Дөрвөн иргэн тэд нар ужиг өвчнийг илааршуулах дом шидийг эрэлхийлэн, тусгаар бүл болон аж төрцгөөв.
ДоБу мэргэний ах дүү таван хөвүүд Нирун улсыг байгуулан нүүдэлчин түмнийг нэгтгэжээ. Түүнээс хойш Хайду (КауДүй)хаан өөрийн Байшинхор догшин (БайЧинКур), Чараха Линху (ЧиАрАхАй Линху), Чаужин өртөгэ (КауЧин ӨрТэйХэ) хэмээх 3 хөвүүддээ ард мэдүүлж, цэргийн зохион байгуулалтай болсон нь Тайчууд буюу төв салаа, Бэсүд буюу Торгон цэрэг, КауЧинӨрТэйХэ-н хөвүүд ОроНар, Хонхотан, АрУлад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс отог овоглон байгуулжээ.
Эндээс Хонхотан овог нь мөлхүүлийн салаа бөгөөд тандуул, мэдээ цуглуулах, түүчээ хийх, дайнд хүн бамбай болох үүрэг хариуцлагатай. Иймээс өндөр туршлага бүхий ч тахир дутуу хуучин дайчид, шархдаж гэмтсэн цэрэг эрс гэх мэт дайн үзэж хатуужсан ч хэвийн амьдралд орох бололцоогүй, үхэхэд гарзгүй гэх хүмүүсээр бүрдүүлснээс энэ отгийн түүх эхтэй.
Түүнчлэн цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд үргэлж мал маллаж, нүүдэллэж явдаг ард түмэнд дайнд мөчөөрөө хохирсон тахир дутуу хүмүүс болон удамд төрөх болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бас асарч явна гэдэг маш их дарамт үүсгэж, Төрд хүртэл асуудал болжээ. Дайнд гар хөл нь тасарсан ч тархи ухаан сайтайнууд нь Хонхотанд хүргэгдэж ирсэн хөгжлйн бэрхшээлтэй бага балчир хүүхдүүдэд өөрийн эзэмшсэн төрөл бүрийн хичээл заах ба хэлгүй дүлий ч гар хөл хөдөлдгүүд нь ахуйн бусад ажлаа амжуулдаг, амьдрах гэж тэмүүлсэн илүүгийн сангаар дутуугаа нөхсөн зовлонт ардууд байв. Өөрөөр хэлбэл ажиллаж буй эрхтэн бүрээ ашиглан, нөгөөдөө дутуу байгаа эрхтнүүдийг нь нөхөж орлон, хамтын амьдрал эхлүүлэн амьдарцгаажээ. Тэднийг өмнө цаг үед буруудсан үйлийн үрийн дохио сэрэмж болгон хонх зүүлгэнэ. Хонх зүүн, чимээ үүсгэн бүгд бие биедээ дохиотой, зангаатай хамтаараа хариуцан амьдрах гэж зүтгэцгээнэ.
Ийм нэгэн гунигтай, эмгэнэлтэй боловч үнэн түүх дундаас ХонхотЭн (Хонхотан) гэдэг онцгой хувь заяатай отгийн хүмүүс үхлийг, хэцүү амьдралыг сөрж зогсож чадсан аж.
Анх Чоносын угсаанаас энэ отгийг санаачлан байгуулж, ихэвчлэн Чоносын бүхий л отог галаас тахир дутуу болон асуудал бэрхшээлтэй, мөн эртний үйлийн үрээс улбаатай төрөлхийн дутуу хөгжилтэй, эрхтэн согогтой, цус ойртон ухаан санааны гажигтай болсон хүмүүсийг цуглуулсан тул Чоносынхон гэж нэрлэгдэх нь ч бас бий. Хонхотануудын дэмч, багш нар эдгээр хүүхдүүд болон тахир дутуу хүмүүсийг биеэ дааж, амьдрах чадварт сургаад, бусдын тусламжгүй амиа тээчих чадвартай болсных нь дараа эгэл жирийн ардуудын дунд дасан зохиц гээд тодорхой жилээр отгоосоо явуулдаг байжээ.
Хэрээнд нүдээ тоншуулан хараагүй болсон хүүг 9 хавартай болоход эцэг эх нь: “Өтөлж буй бид хүүгээ насаараа тэжээж барамгүй. Хүү минь амиа зогоож, амьдарч сураг” гээд Хонхотан отогт хурдан удмын гурван адуутай хүргэж өгчээ.
…Эцэг эх минь намайг хаялаа
Эрхт Тэнгэрт би хэрэггүй
Энэ хөрстөд амьдрах утга алга
Эрлэг минь намайг таал… гээд хүү уйлан, амиа хорлочих гээд жил хиртээ Хонхотан отгийнхныг зовоожээ. Аргаа барсанХонхотаны ноён эцгийг нь дуудуулан “Адуугаа ав, хүүхдээ ав” гэж гэнэ. Эцэг эх нь дүүтэй нь ирэв. Тэд ноёнтой уулзах зуур дүү нь: “Ахаа хоёулаа нүдээ боож тоглоё” гэжээ. Дүүтэйгээ тоглох зуураа сохор хүү: “Амьдрал бол сохор тоглоом юм байна” гэж ойлгов. “Цаашид би энэ амьдралаар сохор наадъя. Дүүдээ төвөг учруулахгүй, эцэг эхээ шаналуулж зовоохгүй” гээд гэртээ харихаа больж, Хонхотан отогт үлдэж гэнэ.
Хүү нүд муу ч, толгой сайтай. Хонхотанд үлдсэн хүү тэндээ 18 нас хүртэл олон зүйлийг хийж сурав. Энэ хооронд эцэг нь малд явж байгаад осгож үхсэн тул эцэгтэйгээ уулзаж чадсангүй. Эцэг нь өнгөрснөөс хойш бас удалгүй ээж нь өнгөрснөөр дахин тэдэнтэйгээ уулзсангүй ээ.
Хонхотаны ноён хүүг: “Эгэл амьдралд чи хөл тавьж чадахаар боллоо. Явж амьдрал үз” гээд Хонхотанаас явуулав. Хүүг дүү нь ирж авчээ. Гэртээ ирээд дүүгийн хамт амьдарч байгаад 20 нас хүрээд: “Намайг хааны отогт хүргэж өгөөч, би ингэж хялбар амьдармааргүй байна. Ахлагч намайг амьдрал үз гэсэн. Гэтэл би дүүдээ эрхэлж насаа элээхгүй” гээд Хабул хааны отогт хүргүүлээ гэнэ ээ.
Залуухан сохор хүү хааны отогт амь зогоохын тулд айл айлд аргал түүж өгч, бор ходоодоо тэжээхдээ бусдын хэлснийг нөгөөд нь хэлж дамжуулахдаа алдаа мадаггүй, үг дутаалгүй, утга төгөлдөр дамжуулна. Мөн үлгэр домог ярьж өгөх учир хүүхэд багачууд ч, айлууд ч дуртай гэртээ хонуулна.
Монгол нүүдэлчид нэг дороо шавааралдаж суудаггүй, айл саахалт гээд л хол хол амьдран сууна. Энэ л орчинд айлаас айлд аргал түүж өгч дэм болж явахдаа хов живээс өгсүүлээд, дамжуулж хэлэх бүхнийг нь гайхалтай сайхан ярих сохор хүүгийн авьяасыг (Хабул) хаан олж харжээ.
Хабул хаан нэлээн дэггүй, шооч, сониуч хүмүн байв. Нэг удаа сохор аргалчин хүү явж байхад нь жижиг чулуу түүн рүү шиджээ. Гэтэл сохор залуу хүү чулуунаас бултчихаж гэнэ. Хабул хаан сохор гэчихээд яаж чулуунаас бултчихав, худал жүжиг тоглож буй тандаач биш биз гээд сонирхон дуудаад, дахин дахин чулуугаар нүүлгэж үзжээ. Чулуунаас бултаад байсанд сохор аргалчинг Хабул хаан дуудаад: “Чи чулуунаас алдалгүй бултаж чадах аж. Магад чи булцуут сумнаас бултаж чадах биз. Би чамайг харвая” гээд булцуут сумаар хүүг харваж гэнэ. Тэгтэл суманд оногджээ. Хүү өдөр бүр хөх няц болтлоо суманд харвуулах болов. Хэдэн өдрийн дараа Хабул хаанд: “Хаан минь та бядуу намайг юунд ингэж зовооно вэ? Би нутагтаа буцюу”гэхэд
Хабул хаан: “Би чамайг алахгүй гэхэд дайсан чамайг алах нь гарцаагүй. Тиймээс чи хөрстөд амьдаръя гэвэл сумнаас ч бултах ёстой бус уу?” гэв. Ингээд булцуут сумаар харвахаа больж, дуут сумаар харвадаг болов. Аргалчин хүү дуут сумаас бултаж сурчээ. Хабул хаан булцуут сумаар дахин харваж эхлэхэд хүү бултдаг болсон байлаа.
Хабул хаан чи сохор атал сумнаас бултах иртэн дайчин байна. Хараагүй байгаа чинь энэлэлтэйеэ. Би чамайг үлд, жаданд сургана гээд модон сэлмээр цавчиж эхэлжээ. Хааны энэ балмад аашийг мэдэх болсон сохор аргалчин хүү аргагүй дагах болов. Өдөр нь харваж, цавчиж зовоох хаан, сохор хүүг шөнө нь үлгэр болон сонин сайхан юм ярьж өг гэж шалдаг байв.
Хүү нэг өдөр хор уугаад бөөлжиж гаргадаг Хонхотаны нэгэн хүмүний тухай ярьжээ. Хаан сонирхон: “Чи надад бөөлжих аргыг зааж өг” гэв. Түүнээс хойш Хабул хаан сохор хүү хоёр сайн андууд болжээ. Залуу хүү сохор ч гэлээ сум, сэлэмнээс бултах, бас үлд жадаар сайн дайтах эрдэмд сурч гэнэ.
Нэгэн удаа Хабул хаан өмнө тийш дайнд мордох болжээ. Ингээд ойн иргэдээс дэм авахаар өртөөч илгээхээр болж гэнэ ээ. Гэтэл хааны өртөөчдөөс ойн иргэд хэцүү, аялга ондоо учирт мэдээ хүргэхэд бэрхтэй гээд тохирох хүмүн олдсонгүй. А Ха өртөөч өвгүн ирэхээр та түүнийг явуулна уу гэжээ. Гэтэл А Ха өртөөч Хэрэйд аймаг явсан бөгөөд олон хоногийн дараа ирэхээр байв.
Аргалчин сохор хүү намайг хүргээд өгвөл би өртөөчийнх нь ардаас ярья гэж хаанд хэлжээ. Хабул хаан зөвшөөрч өртөөнд явуулж гэнэ ээ. Сохор хүү урьд урьдын өртөөчдөөс илүү амжилт байгуулж, нэг морин салаа, нэг хор салаа цэрэг гаргуулахаар ятгаж чадсан байв. Хабул хаан гайхаж: “Өмнө би өртөө явуулахад ар гэр лүү чинь довтлохгүй бид гэж л гэрээ байгуулдаг байв. Гэтэл чи яваад хамтран дайтах гэрээт болгов. Чи цэрэг биш, өртөөч байсан байна” гээд түүнээс хойш цэргийн өртөөч болгожээ. Ийн энх цагт сохор аргалчин хүү идэр залуу хүмүүст цэргийн эрдэм зааж, бэрхийн цагт өртөөнд явах болжээ. Гэвч сохор учраас заавал замчинтай хамт өртөөнд явдаг байв.
Хүү эхлээд хайр найргүй харвадаг харгис хаан гэж Хабул хаанд гомддог байсан ч одоо бол өөрийнх нь чадварыг өндөр болгож, бүр тушаал дэвших хэмжээнд хүртэл хөгжүүлж өгсөн гээд ихэд талархалтай хандана. Сохор аргалчин найман жил Хабул хааны отогт амьдарчээ. Гэвч Хабул хаан Алтан улсад хуурагдан очиж өөдөлснөөс хойш сохор түүнийг гэх хүмүнгүй болж эргээд Хонхотан отогтоо очиж гэнэ.
Үг ярианы өндөр чадвартай, үлд жадаар тулалдах чадвартай аргалчин сохор энэ хүү хорвоод анх мэндлэхэд нь эцэг эх нь “Цагаан” хэмээн нэрлэжээ.
Цагаан Хонхотан отогтоо буцаж очоод эхнэр авчээ. Тэр эхнэр нь маш чадалтай удгүн байсан бөгөөд юу хэлнэ тэр нь биелдэг тул түүний чадварт атаархсан өөр отгийнхон хэлийг нь таслаж хаяснаас хэлгүй болжээ. Цагаан тэр хоёр өөрсдийн гэсэн харилцах дохиогоор ярилцана. Цагаанд удгүн эхнэр нь түүнд болох гэж байгаа үйл явдал, хэн хэн юу сэдэж байгаа, юунаас болгоомжлох вэ гэх мэт бүх билэг талын асуудлуудыг нь анхааруулан сануулж, хамгаалж хайрлана. Мөн Цагааныг Онгод тэнгэртэй нь золгуулан бөө болох замналыг нь засаж, өөрийн дом шидийн ухааныг заажээ.
Удгүн эхнэр нь Цагааны нэг нүдийг хэрээний нулимсаар домнож, ойр зуурхан хараатай болгов. Олон жил юм хараагүй явсан ч бөөгийн арга заслаар ингэж гурван алхам зайндаа ч ядаж бүдэг бадаг харж чаддаг болж гэнэ. Хэрээний хараалаар нэг нүд нь сохорч, нэг нүд нь мэдрэл орохгүй сохойсон ч хэрээний нулимсаар домнож байж, мэдрэлгүй нүд нь мэдрэлжин багахан ч гэсэн дахин хардаг болсноос хойш Цагаан өөрөө хэрээг бишрэн шүтэх болсон аж. Балчир ахуйдаа хэрээний үүрийг эвдэн, өндгийг нь хагалж муу үйл хийснээс хараагдан, олон жил сохор явснаа ухаарч хийсэн хэрэгтээ ихэд гэмшжээ. Хэрээг нулимс унагатал аргадан бөөлж чадсан хайхамшигт удгүн эхнэрийнхээ ачаар хараа орсон ч хэрээ гэдэг хар шувууг хайрлан хамгаалах, түүний дуу хоолой болохоор зорин, билэгдэл бүхэндээ хэрээг дээдлэх болсон түүхтэй гэнэ.
Цагаан болон удгүн хоёрын дундаас төрсөн хоёр дахь охин нь өнөө цагийн Аянгат би гэнэ билээ. Би чинь өмнөх насандаа 34 удаа дэлхийд төрсөн сахилгагүй сүнстэн шүү. Харин энэ цагт 35 дахь төрөлт дээрээ удгүн заяанд төрөн Тэнгэрийн үйлийг гүйцэлдүүлж яваа нэгэн. Иймээс ч Цагаан гэх энэ хачин түүхт хүмүн өнөө цагт Онгод болон бууж ирээд тархины алдаатай охиноо хүмүнжүүлчих гэж сэтгэлээ чилээн үглэж, үргэлж анхаарч хайрлаж, бас маш ихээр өмөөрдөг ньхайхалтай.
Хэдэн жил болоод Цагаан хоёр дахь эхнэрээ авав. Тэр бүсгүй нь баян айлын охин байжээ. Гэвч багадаа нүүр нь түлэгдсэнээс болоод нөхөрт гарч чаддаггүйд баян эцэг нь санаагаа чилээнэ. Харин Цагаан охинтой нь гэрлэсэнд баярласан эцэг их хөрөнгө тасалж өгснөөр Цагаан элбэг хангалуун амьдрах болов. Хонхотан отогтоо Цагааны нэр хүнд өсөж нөлөө бүхий нэгэн болчихож гэнэ. Учир нь тэрээр цэргийн сургагч багш байсан бөгөөд хөрөнгөтэй нэгэн болж, бас бөө болсон гэнэ дээ. Иймээс отгийнхоо толгойлогчийн дараах хүндтэй нэгэнд тооцогдоно.
Гэтэл тэр цагт дайнд гараа алдсан баатар байсан Хонхотаны ноён нас эцэслэв. Гэмтлийн улмаас доголон болсон түүний охин нь Цагааныг бараадсанаар эрх мэдэлтэй ч болж, Хонхотан отгийн ноён болчихов гэнэ. Ингэж сохор аргалчин хүү түмэн ардын ноён болно гэдэг нь амар сайхандаа жаргажээ гээд төгсөхөөр үлгэр байгаа биз дээ.
Иймээс л Цагааныг ов мэх ихтэй хэмээж, атаархах нь атаархаж, хүндлэх нь хүндэлж, хайрлах нь хайрлаж, ард түмэн түүнийг Ов ноён гэх болжээ. Бүр Аа буюу өндөр зэрэгтэй, машид их Ов мэхт хэмээгээд Ов А гэж авгайлагдах болсон түүхтэй гэнэ. Бусад отог омгийнхон ч сохор хүмүн байж ноён болж чадсан түүний эдгээр амжилтанд гайхан шагширцгаавч түүнийг сохор болохоороо авсан эхнэрүүдийг нь хараарай гэж гоочилж муулна. Хөрөнгөтэй, ухаантай, эрдэм мэдлэгтэй, хэл ам сайтай, цэцэн цэлмэг түүнийг өөр гоочлох зүйлгүй.
Ов ноён цэргийн сургагч байхдаа дайны хөлөөс нэгэн өнчин нялх охин олж, түүнийг Хонхотан отогтоо өгч байжээ. Тэр охин 18 нас хүрэхдээ үзэмж гоо, сайхан охин болж гэнэ. Отог омгийнхон түүний гоо сайхныг нь шагшин магтана. Охиныг нөхөрт гаргах цаг болсон гэж хэлцтэл охин: “Ов ноён, тантай л би сууна. Би танд л хайртай. Өөр хэнд ч очихгүй” гэж уйлж гэнэ. Олон түмэн охины гоо сайхныг магтан бас Ов ноёны эхнэрүүдийг хэлгүй, царай муут, доголон гэх мэтээр гоочлох учир гайхуулчихъя тэгвэл гээд охиныг бага эхнэрээ болохыг зөвшөөрч гэнэ. Ингээд дөрвөн эхнэртэй болжээ.
Ов ноён нас нэлээд явсан ч хэнз эхнэртэй болж нэг охин төрүүлжээ. Гэтэл тэр нь энэ цаг үед миний шавь болон үйлэнд зүтгэх Утаа улаач байвал яах уу? Энэ Тэнгэрийн тоглоом арай ширүүн үү үгүй юу? За тэгээд энэ үлгэрт итгэвэл итгээд, итгэхгүй бол итгэхээс өөр аргагүй үнэн бодит түүх юм даа.
Өөрөөр хэлбэл өнөө цагийн Аянгат болон Утаа хоёр улаачтай хамтарч ажиллаж буй онгод Ов А нь 13-р зууны үед их болоод бага эхнэрүүдээсээ гарсан өөрийн хоёр охинтойгоо Тэнгэрийн үйлэнд шогшиж буй гэсэн үг.
Түүний их эхнэр нь хэлгүй удгүн,
Хоёр дахь нь баян айлын царай муутай охин,
Гурав дахь нь отгийн толгойлогчийн эрх мэдэлтэй хазгар охин,
Дөрөв дэх нь Залуу, хөөрхөн охин байх нь ээ. Тэрээр дайнд өнчирсөн олон хүүхдүүдийг өргөж авсан бөгөөд өөрийн төрсөнтэй нь нийлээд 35 хүүхэдтэй байсан өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байжээ.
Нялх багаасаа сохор байсан Цагаан хүү ингэж бүхэл бүтэн отгийн ноён, 1000-тын захирагч болж, дөрвөн эхнэртэй, олон хүүхэдтэйгээ өнөр өтгөн дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарчээ.
Тэрээр бүх л сэтгэцийн эмгэгтэй, эрхтэний гаж хөгжилтэй бага балчир хүүхдүүдийг сургах боловсруулах, мөн отгийнхноо удирдахад анхаарлаа чиглүүлэн явахдаа хонхотан отгийнхоо Тэв Тэнгэрийг долоон нас хүртэл нь өгүүлэхүйн ухаанд сургаж гэнэ. Харин Тэв Тэнгэр бол эрүүл саруул хүүхэд байв. Учир нь тэр цагт хэдэн үе өнгөрсөн тахир дутуучуудын хүүхдүүд эрүүл энх төрцгөөж, өсөж торнижээ.
Тэв Тэнгэрийн аав Мэнлиг эцэг бол Хонхотаны Чараха өвгүний хүү. Чараха өвгүн дүлий ч, Хонхотаны бөөгийн шидтэн бөгөөд нэр нөлөө бүхий бөөгийн нэгэн галын багш байлаа. Тэр цагийн Чараха буюу өнөө цагийн бидэнд Чанай дээдэс хэмээн алдаршсан энэ өвгүний хүүхэд Мэнлиг эрүүл саруул төрсөн бөлгөө. Мэнлигийн долоон хүү ч эрүүл саруул бөгөөд бүхий л талаараа тэгш сайхан эрс болжээ. Сүүлд Цагаан Ов А ноёны нэгэн охин нь Тэв Тэнгэртэй гэрлэсэн гэдэг.
Хамаг юм нь салж унадаг инээдтэй өвгүн хонхотаны Чанай онгод бол “Монгол Товчион Түүхийн Тайлал”, “Бөөгийн Товчион” судрыг надад тайлбарлан таниулж бичүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, үнэхээрийн бас адал явдалтай өвгүн билээ. Түүний хүчин зүтгэлээр өдгөө Эрдэнэт хотод дугуй цагаан гэр мэт бөөгийн сайхан цагаан овоо боссон бөлгөө. Эх үрд ивээлтэй, энэ цагаан овоонд дэлхийн олон бөө ирж бөөлсөн бөгөөд тэнд очиж бөөлөх нь нэр төрийн хэрэг гэдэг болсон билээ.Мөн энэхүү овоонд дэлхийн тив бүхнээс, маш олон орноос авчирсан цагаан чулууд, голын чулууд буй. Энэ овоонд зориулан Америкаас эрдэмтэн Дийн өөрийг нь өргөж авч, өсгөсөн индиан удгүн ээжийнхээ цуглуулж байсан цагаан чулууд, өөрөө явж цуглуулсан олон голын чулуудаа өгсөн түүх ч бас олон адал явдлын гэрч болжээ.
Хамаг Монголын хаан Хабулаас хойш Амбагай хаан, Хотула хааны үед Монголчууд Алтан улс болон Татаруудтай дайсагналцан хатгалдан тэмцсээр эдгээр хаадууд үхэж Есүхэй (ИэСууЭкэ) баатарын үе болдог. Есүхэй баатар “Хан” суудалд яригдаж, бэлтгэгдэж байх үедээ Татарт хорлогдоно. Ийм цаг үеийн ороо бусгай үед Хабул хаанаас хойш хонхотан отгийг анхаарч үзэх “Хан” Монголд байсангүй. Хэдийгээр Монголын улс төр ороо бусгай, дайн самуунтай байсан ч хонхотан отгийнхоны хувьд нуруу нь тэнийсэн жаргалтай жилүүд болж өнгөрчээ. Тахир дутуу тэд иргэдийг гадныхан голж, үл тоох учирдовтлохгүй. Баруун бүсэд амьдрах тэднийг татаруудтай шөргөөцөлдөх хаадууд зүгээр л мартаж орхисон байв.
Энэ нь харин сайхан боломж болж, эрчүүд нь дайнд явж олноороо хороолгохгүй, эмэгтэйчүүд нь амгалан энхийн цаг гээд олон хүүхэд төрүүлсэнээр хонхотаны ам бүл нь өсөж, сурч боловсрох, амар амгалан байхад таатай болжээ. Олон отог галуудаас ирсэн тахир дутуу хүмүүс хэдийгээр гар хөл тасарсан, дүлий, хэлгүй байсан ч өөр хоорондоо дурлалцан олон үр хүүхэд төрүүлцгээв. Тархи нугас л сайн бол бүрэн бүтэн ухаан сайтай, бүтэн биетэй үрс мэндэлж, отгийн хүмүн ард аажмаар эрүүлжижээ. Төрөлхийн ухаан дутуу байлаа ч тэднийг сургах үйлсдээ гаршин мэргэшиж, амьдрах чадвар өгснөөр ахуйгаа тэгшилцгээж, хамтын хариуцлага дор сайхан амьдрах болжээ. Хонхотанууд тахир дутуу хүүхдүүдэд боловсрол олгохдоо арга билгийн бүхий л боловсролыг тэгш олгохыг зорьцгооно.. Хэдийгээр анх отог бүрийн согогтой гэмтэлтэйг нь авчирч нэг отог үүсгэсэн ч тэд нь хоорондоо сууж, үр хүүхдүүдээ онцгойлон хэдэн үе өсгөж хүмүнжүүлсээр энгийн бусад айлын хүүхдүүдээс ч илүү, арга билэг нь хосолсон авьяас чадвартнууд олонтой, тархины хөгжил өндөртэй үрс олон болж гэнээ.
Хабул хаан өнгөрсний дараа Монголд тайван амьдрах нөхцөл муудаж, орондоо орох завгүй байлдан тулалдаж байсныг“Монголын нууц товчоон”-д тодорхой өгүүлдэг. Хабул хаанаас хойш Төрийн хамгаалалтаас гармагц отгоо хэрхэн амгалан амьдруулах, гадаад дотоодын дайснаас хэрхэн найдвартай хамгаалагдах, өсөн дэвжиж буй залуу эрүүл үрсээ цаашидМонголынхоо төлөө гар бие оролцуулах, нэр нөлөөтэй болгох замыг засахын тулд хэн гэдэг хаан, нөлөөт хүмүнийг дагах вэ?хэмээн отгийн толгойлогч нэр хүндтэй хүмүүс битүүдээ ярилцацгаана.
Гэтэл ТэмүЧин гэж залуу баатрын сураг сонсогдож, бас ЖамУухай гэж баян айлын хүүгийн сураг гарч, нүүдэлчдийн хаан суудлын төлөө олон дайн самуун гарах болжээ. ТэмүЧин болон ЖамУухай нарын хэнийх нь ивээлд багтах вэ? хэмээнХонхотанууд ажиглан байв. Ингээд ТэмүЧин хөвүүнийг сонгохоор болж түүнд итгэл үзүүлэн отгоороо ирэхдээ ч түүний хураасан олон дээр нь бас ажиллаж болох юм гэж Цагаан Ов А давхар тооцсон гэнэм.
Түүнийг Чингис хаанд зүтгэхээр ирсэн тухайд “НэгүДэй Цагаан–Ува ирэв.” гэсэн ганц өгүүлбэр Монголын Нууц Товчоонд бичигдэн үлджээ. НэгүДэй гэдэг нь түүний хоч бөгөөд Нэг Нүдтэй гэсэн үг. Цагаан нь түүний эцэг эхээс хайрласан алдар. Ува гэдэг нь Ов А гэдэг нэрийг дуудлагаар Ува болгон бичжээ.
“Монголын нууц товчоо”-г Онгодуудаар задлан тайлбарлуулсан “Монгол Товчион Түүхийн Тайлал” судар-т энэ тухай хэрхэн өгүүлснийг дор бичье.
Хүмүүсийн нэрийн утга, тухайн цагийн дуудлагыг Онгодууд задлан бичүүлснийг ухаж уншаарай уншигчид минь. Түүнийг бид мэдэмхийрээд өөрсдөө бичээд байгаа юм биш. Тэр нэрийн задаргаагаар тухайн хүний олон зүйлийг мэдэж болно. Ямар цолтой, юунд авьяастай гэх мэт. 129(120). гэсэн урд байх тоо нь “Монгол Товчион Түүхийн Тайлал”-ын дэс бөгөөд арын хаалтан дах тоо нь “Монголын нууц товчоон” дэс бөлгөө. Үүнийг шалгаж болно.
129(120). “Тэр шөнө дүлиж
Өдөр гийвээс үзвээс
Жалайр–ын Хачигун Тохуруун
ХарХай Тохуруун
Харалдай Тохуруун, эд гурван
Тохуруун ах нар, дүү нар
Шөнө дүлилдэж айсун ажгуу.
Бас Таргуд–ын Хадаан Далдурхан ах нар, дүү нар
Таван Таргуд айсун ажгуу.
Бас Мэнгэтү хианы хөвүүн
Өнгүртан Чаншигуд
Баягууд–аараан айсун ажгуу.
Барулас–аас КауБиЭлАй Худус ах нар, дүү нар ирэв.
Мангуд–аас ЖэТэй, Доголху чирби ах дүү хоёр ирэв.
БоорЧу–н дүү Өгэлэн чирби
Арулад–аас хагацаж ахдаан
БоорЧу–д нийлэн ирэв.
ЗэлМэ–н дүү ЧаГурхан,
СүбээДэй баатар Урианхан–аас хагацаж
ЗэлМэ–д нийлэн ирэв.
Бэсүд–ээс ДэГэй, ХүчүГүр ах дүү хоёр ирэв.
Сүлдүс–ээс ЧиЭлГүДэй, ТахАй
Тайчууд–ай ах нар, дүү нар ирэв.
Жалайр–ын Сэцэ Домог
Архай Хасар, Бала хоёр хөвүүдээрээ ирэв.
Хонхотан–аас СүйХэтү чирби ирэв.
Сүхэхэн–ий ЖэГэй,
Хонтахор–ын хөвүүн Сүхэхэй Жэгүн ирэв.
НэгүДэй Цагаан–Ува ирэв.
Олхунуд–ын Хинги Адай
Горлос–оос СэЧиГүр
Дөрбэн–ээс Мөчи–бэдүүн ирэв.
ИхЭрс–ийн Буту энд хүргэдэд явсаар ирэв.
Ноёхон–оос ЖунСо ирэв.
ОроНар–аас Зургаан ирэв.
Барулас–аас Суху сэцэн
Харачар хөвүүн лүгээ бээн ирэв.
Бас Баарин–ы ХорЧи, Үсүн ӨвГүн ХөхСууОч
Мэнэн Баарин–аараан нэгэн хүрээн ирэв.”
Ингэж ТэмүЧин-ий харьяанд отгоороо нэгдсэн ч түүний отог дахь Чоносын угсааныхан Төрийн эсрэг бослого гаргахаар хэлэлцэж байсныг ЖамУухай сэцэн ирж 70 тогоонд чанаж алдаг. Энэ тухайд Монголын Нууц Товчионд…
138(129). “Дүүгээ, ТайЧиАр–ыг алагдав хэмээн
ЖамУухай тэргүүтэн
Жадаран–ы арван гурван харь нөхцөж
Гурван түмэд болж
Алагугууд Турхагуудаар давж
ЧинГис хаанд морилж айсуй” хэмээн
ИхЭрс–ээс Мүлхэ Тотаг, Боролдай хоёр
ЧинГис хааныг
Хүрэлхү–д бүхүйд
Хэл хүргэн иржүхүй.
ЧинГис хаан арван гурван хүрээ бөлгөө.
Энэ хэл мэдээд, гурван түмэд болж
ЖамУухай–н эсрэг инү морилж
Далан балжудад байлдаж
ЧинГис хаан ЖамУухай–д
Тэнд хөдөлгөгдөж
Ононы Жэрэнэ хавцгайд хоров.
ЖамУухай өгүүлрүүн:
“Ононы Жэрэнэд хоргов, ба” хэмээж харируун
Чонос–ын хөвүүдийг
Далан тогоод буцалгаж
Нэгүдэй Цагаан Ува–н тэргүүг инү огтолж
Морины сүүлд чирч, одчухуй. гэж Монголын нууц товчионд Цагаан Ов А гэдэг хүмүний үхэл тэмдэглэгдэн үлджээ.
Чоносынхны 70 эрчүүдийг тогоонд чанаж алсан энэ аллага бол цаанаа бас учир шалтгаантай. Ер нь ийм аллага дэлхийд 3 удаа хийгдсэн гэдэг. Зэрлэг бүдүүлгүүд, хар татаарууд, тэнэмэлүүд гэх мэт маш олон муу хоч нэртэй зэрлэг хүмүүс манай хааныг болон түшмэдийг 70 тогоонд чанаж алсан гэж зарим гадны орны түүхэнд бичээстэй байдаг гэдэг. 70 нэмэх 1 гэдэг томъёотой. Нэмэх 1 болж толгойгоо тасдуулсан моринд чирүүлсэн Ов А тухайн цагийн үйл явдлын тухай надад хуучилж байсныг өгүүлье.
Тэр цаг үед нүүдэлчин түмэн Ван хан, ТэмүЧин хан, ЖамУухай хан гэх гурван толгойд хуваагдаж захирагдаж байж гэнэ. Хонхотаны хувьд хэрэйдийн ул суурьгүй, бусгай бодолтой учраас Ван ханыг дагахгүй, ЖамУухай бол эрэлхэг баатар, зориг төгөлдөр, сэцэн боловч харгис хатуу чанга учир дагахгүй. Харин ТэмүЧин-г дэмжиж дагахаар болж гэнэ.
Гэвч ТэмүЧин болон ЖамУухай нар хүч тэнцүүгээр Монголын нүүдэлчдийг хуваан захирч байсан ч хэтэрхий залуу, туршлага бага бөгөөд тухайн цагт алдар нэрэнд цөс нь хөөрсөн, бодит аюулыг олж харж чадамгүй болсон байжээ.
Дотооддоо хэрвээ байлдах аваас үүнийг л баярлан отох урд талд орших мөнхийн том мангасын аюулыг өчүүхнээр төсөөлөн алдар цууд ухаан нь саарч байгааг Хабул хааны цэрэг эр байсан хашир Ов А ажин шинжээд, тэдэнд гадны аюул буйг сануулахаас өөр гарцгүй байдалд оржээ. Учир нь хоёр залуу Хан-ууд 13 хүрээ болцгоон өөр хоорондоо дайтаж эхлэн байв. Хэрвээ энэ хоёр цөстэй залуус нүүдэлчдийг хооронд нь талцуулан үргэлжлүүлэн дайтуулбал гадны идэш болох нь гарцаагүй учраас үхсэн ч гарзгүй болсон нас өндөр Ов А өөрийн отгийнхноо уриалан Төрийн эсрэг бослого гарган сэрэмжлүүлэхээр шийджээ.
Хамгийн аюул нь дотроосоо урвах байдгийг ухааруулахын тулд хоёр тал руу хоёуланд нь хов илгээхдээ Хонхотанууд дундад иргэнээс авилга аван, Татаруудтай нөхцөн, хоёр ханыг муудалцуулан дайтуулаад, өөрсдөө Монголын Төрийг захирахаар болж буй хэмээх цууг тараажээ. Чоносын хөвүүдээс дийлэнхи нь бүрдсэн отог учраас хаан ширээнд суух боломж ч буй. Адилхан л дээд гарвалаараа нэг угсааныхан учир ЖамУухай Чоносынхныг түүж хороосон бөлгөө. Гэвч тэдний үхэл Монголынхоо ирээдүйн төлөө амиа золиход харуусах зүйл байсангүй. ТэмүЧин ч бай, ЖамУухай ч бай хэн нь ч ирсэн бослого өдүүлж, урвасан шалтгаанаар амьгүй болно. Харин ЖамУухай түрүүлэн ирж Чоносын урвагчдад ийм үхэл ирнэ гэдгийг бодитоор харуулан халуун тогоонд чанаж алсан түүхтэй.
Мянгатын ноён Цагаан Ов А хамтын хариуцлагад унаж толгойгоо авахуулжээ. Тэр цагт 10 хүмүн дотор хэрэг өдүүлсэн бол аравтын болон зуутын ахлагч хариуцлага хамт хүлээдэг. Гэтэл 70 хүмүн бараг нэг зуут нь асуудал тарьсан учраасмянгатын ноён болох Хонхотан отгийн захирагч Ов А толгойгоо өгсөн болой. Хэрвээ Хонхотанууд амиа золиослон байж гадны аюул гэж бас байдгийг сануулаагүй бол магад Монголын түүх өөрөөр бичигдэх байсан биз ээ. Хабул хаан ч дотоод урвагчдын балгаар амиа алдсанд харуусаж явдаг Ов А өвгүн гадны аюулыг сануулан, хоёр их удирдагч залуусын ухаанд харыг суулгаж өгчээ.
Хэдийгээр аймшигтайгаар амиа алдацгаасан ч ирээдүйн үр дүн нь чухал учраас түүнийг төлөвлөж хийж, амиа сайн дураараа золиослосондоо тэд одоо ч харуусдаггүй гэнэ. Тэнд болсон аллага дэндүү аймшигтай байж, Хөх Монголоос урвагчдад чанаж шийтгэх шийтгэл оногдуулдаг гэж харсан, цуу яриаг сонссон хүмүүс хэсэгтээ л урвасангүй нь бас нэг ач холбогдол болов. Харь гүрний хортон явуулгад чануулж үхэх айдсаасаа болоод автаагүй сайн үр дүн өгсөн гэдэг.
Ийнхүү 13-р зуунд амьдарч байсан сохор аргалчнаас Хонхотан отгийн ноён, 1000-тын жанжин болтлоо өөрийн чадамж, авхаалж самбаагаараа дэвшсэн Цагаан Ов А гэдэг хүмүн нь одоогоос найман зууны өмнө амьдарч байгаад өөдөлсөн ч, 21-р зууны өнөө цагт Онгод болон ирээд өөрийн мэргэшсэн өгүүлж ярих ухааны “Өгүүлэхүйн ухаан” хэмээх энэхүү судрыг та бүхэндээ өргөн барьсныг мэдэгдье.
Монголчууд бид сүүлийн хэдэн жил харь орныг хэт шүтэн, илтгэх урлаг бол гаднаас л үүсэлтэй, Монголчууд бидэнд энэ талын чадвар байхгүй, одоо л хөгжиж буй хэмээн мунхарч боддог биз ээ. Гэвч байхаар барахгүй хаа байсан 13-р зуунд гэхэд л өгүүлж, ярих ухаанаар мэргэшсэн сохор хүүгийн амжилт, түүнд ийм боловсрол олгосон хонхотаны ярих сургах ухаан, өдий хэмжээний мэдлэгтэй байсныг ухаж ойлгон, өнөө цагийнхтай харьцуулан дүгнэх таатай боломж олдож байна. Үнэн худлын дэнсээг уншигч та хийнэ биз ээ.
Худал цуурсан аваас Мөнх Хөх Тэнгэр эцэг ниргэх болтухай.
Аянгат удгүн
2018.01.20
chinggis-udgan.blogspot.com