Биднийг багад сурах бичиг, ном зохиолд ГАРИГ гэх үг сар өдөртэй холбогддог байв. Мөн гариг эрхэс ч гэж бичдэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд ГАРАГ гэж бичих учиртай хэмээн тайлбарладаг болов. ГАРАГ гэх үгийг сансар огторгуйтай холбож, харин ГАРИГ гэх үгийг өдөр сартай холбож ойлгох учиртай гэж журамласан тухай тайлбар хийгдсэн. Гэвч удалгүй “ГАРИГ” гэдэг үг хэрэглээнээс гарч мэдэхээр болчихлоо. Өөрөөр хэлбэл Монгол хэлний зөв бичгийн тайлбар тольд өдөр, хоногтой холбогддог байсан ГАРИГ-ийг нохойн баас, нохойн жогорхой гэж тайлбарласан байна. Тэгэхээр бид өнгөрсөн жилүүдэд долоон гариг биш долоон нохойн баас гээд л бичээд яваад байсан болж таарч байна.
Мөн цэнхэр гариг бус цэнхэр нохойн жогорхой, гариг эрхэс бус нохойн баас эрхэс ч гэх юм уу, ямартай ч их л алдаж бичдэг байсан байх нь. Хэн биднийг алдаж бичдэг болгочихсон бэ? Хэлний дуудлагаар гариг гээд л бичээд явчих нь хялбар мэт. Гэхдээ нэгэнтээ нохойн баас гэдэг утгатайг мэдчихээр ГАРИГ гэх үгийг хэрэглээнээсээ хасах нь зөв болж таарлаа. Мэдээж өдөр бүр нохойн баастай холбоотой үг, өгүүлбэр хэрэглэгдээд байхгүй учраас л бидний байнгын хэрэглээнд байсан ГАРИГ мартагдаж, гээгдэх нь ойлгомжтой биз. Зүгээр л хэрэглээнд байсан үгийг ойлгомжгүй байдлаар утгачилж, хэрэглээнээс хасах сонирхол харин хэнд байдаг юм бол оо?