Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлах байруудтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
– Манай улсын тусгаарлах байруудын хүрэлцээ, нөөц ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
– Тусгаарлах байруудыг,
Сувилал,
Амралтын газар,
Зочид буудлууд,
Их, дээд сургуулийн дотуур байрууд,
МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр бэлтгэж байгаа бөгөөд энэхүү шатлалаараа нөөцөлсөн.
Энэ тал дээр УОК-ын Шуурхай Штабын төлөвлөлтийн баг ажиллаж байгаа. Тухайн багийн бүрэлдэхүүнд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд багтдаг.
Тэд нөөцөд байгаа байруудаа очиж үзээд, бүх зүйлд нь үнэлгээ хийж байгаа. Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг хаана байрлуулах урьдчилсан төлөвлөгөөг УОК-ын Шуурхай штаб дээр гаргадаг.
– Одоогийн байдлаар яг хэчнээн байр нөөцөд байгаа юм бэ?
– Бид бүх тусгаарлах байрны нөөцөө авч үзэхэд 20,000 орчим иргэнийг тусгаарлах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
Гэхдээ тухайн зочид буудлуудтай нь гэрээ байгуулах зэргээр яг одоо ашиглалтад ашиглаж байгаа тоог УОК-ын Шуурхай штаб эцэслэж гаргана.
– Тусгаарлах байруудын хоол, хүнсэнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
– УОК-ын Шуурхай штабаас хоолны байх ёстой нормын хэмжээ, зөвлөмжийг гаргаж бүх тусгаарлах байруудад хүргүүлсэн. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллага хяналтаа тавин ажиллаж байна.