ТОГОРУУ ГЭХ НЭРИЙН ТУХАЙ.
Тогоруу “гарр, гурр” гэж дуугардагийг та бид сайн мэднэ. Энэ шувууны латин нэр нь “grus grus”. Англичууд “crane”, оросууд “журавль” гэнэ. Орос хэлний “жура-” нь бас л дээрх дуун тэмдэглэгээний “g ~ j” болох нь илэрхий байна. Тэгвэл монгол хэлэн дэх тогоруу гэх нэрийн дунд уг шувууны дуун тэмдэгт тэмдэглэгдсэн байгаа нь тодоос тод харагдана. Би багадаа хосоороо болон дэгдээхэйгээ дагуулсан тогорууд урт хөл дээрээ аажим, урт хүзүүгээ сунган сунгсн газар тонгойн, тонголзож явдагаас нь тонгоруу гээд, түүнээс нь тогоруу гэх нэр үүссэн байх гэж боддог байлаа.
Гэтэл хожим нь үүр, өндөг, ангаахайнд нь ойртох юм уу, эсвээс бороо орохын өмнөх шороо босон шуурганахын өмнө тэдний тэнгэрт тойрог үүсгэн нисэх зуураа гаргадаг гарр, гурр гэх хахир чанга дуу нь яалт ч үгүй нэрэнд нь хадгалагдаж байгааг ухаарч билээ. Түүгээр ч барахгүй дээр өгүүлсэн гадаад нэрс ч үүнийг тодотгов. Харин нэрийн эхэн дэх “to -” тонгойхын үндэс үү, тонгоруу, тонгорох гэх үгс харин тогоруу-наас үүссэн үү гэдэг сонин асуулт?
Би бас англи хэлний “cry” гэх үг “уйлах” гэх утгатай ч өвөг утга нь “хашгирах” учир crane- тэй холбоотой байх магадлалтай гэж боддог.
Жич: Харин та бүхэн кран гэх өргөгч машин механизмыг анх зохион бүтээгч нь
crane буюу тогорууны хэлбэр шинжийг бодолцож нэрлэсэн болохыг балчир үрсдээ тайлбарлахад илүүдэхгүй шүү. Мөн манай Хэнтий, Дорнодын хойд сумд дахь буриад зонд тогоруун худаг гэж байдгийг тайлбарлах нь нүүдэлчин монголчуудын ихэнх нутагт худаг ямар чухал болох, түүний төрөл хэлбэрийн нэг болохын учир танин мэдэхүйд нь дусал нэмэр болох билээ.
Болдбаатар Юндэнбат