Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийсэн. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллэхдээ:
-Энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай байна. Эдийн засгийн хөгжлийн яам энэ жил ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна.
-Өнөөдрийн байдлаар инфляци 14.5 хувьтай байна. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст инфляцийг нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой. Төгрөгийн ханшийн уналт хамгийн тулгамдсан асуудал болж байна.
-Өмнөд хөршийн “Тэг ковид” бодлогоос шалтгаалан уул уурхайн үйлдвэрлэл уналттай байгаа. Гэхдээ 2023 онд эргэж өснө гэж үзэж байна. Монгол Улсын экспорт цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрээгүй байна. 2023 оны эдийн засгийн бодлогод экспортыг цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэх бодлоготой байна.
-Манай улсын гадаад валютын нөөц буурсан. Эхний эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдөр 2.4 тэрбум ам.доллар болж буураад байна. Экспортыг цар тахлын өмнөх үед аваачихгүй бол валютын нөөц буурах эрсдэл хэвээр байгаа.
-Мөнгөний нийлүүлэлт мөн буурч байна. 28 их наяд төгрөг байсан бол одоо 26.9 их наяд төгрөг болсон байна.
-Айл өрхийн бодит орлого буурч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өрхийн бодит орлого буурч байгаа учраас иргэд хадгаламжаа хэрэглэж эхэлж байна. Хадгаламжийн хэмжээ 3 их наяд төгрөгөөр буурсан нь эдийн засгийн байдал амаргүй байгааг харуулж байна.
Энэ удаагийн хямрал өмнөх бүх хямралуудаас удаан үргэлжилж байна. 2008, 2009 оны санхүүгийн хямрал 2-3 жил болоод дуусч байсан. Энэ удаагийн хямрал илүү урт хугацаанд үргэлжилж байна.
Манай улсын эдийн засгийн өсөлт саарч, инфляци өсөж, стагляцийн үйл явц явагдаж байна.
Үүнээс гарахын тулд эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Эдийн засаг тогтворжоогүй нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэж хэлэхэд хэцүү. 2023 онд эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч, мөнгө, төсвийн бодлогыг чангаруулна гэв.